Адуу уншаад сурчихсан уу?

                                 Адуу уншаад сурчихсан уу?

За өмнө өмнөөсөө, нүүр нүүрээ харж байгаад үнэнээ ярьцгааж авъя. Чехээс оюутан эмэгтэй Монголын хил дээр ирэв. Хилийн хянагч тэр даруй улс дамжиж, урт зам туулсан оюутан эмэгтэйг гадаад паспортыг нь үзсэн болоод гаалийн тэмдгээ дараад хагас жил мөрдсөн дүрмээ зөрчөөд, хагас жил гүрийн байж хилээ хаасан эх оронд нь оруулчихлаа гэж бодъё. "Өө ингэх л байсан юм бол хууль дүрмээр яадаг юм, хэн нь хууль зөрчиж, худлаа үнэн яриад дуртай цагтаа улсын хилээр ухалзаад орж байдаг юм, хаагуур явсан ямар ч тэнүүлчин юм билээ, хэдэн хүүхдээ вируснаас аврах гэж хэдэн сар гэртээ хорьж байхад дуртай цагтаа орж гарч байдаг ямар тэр баар сав чинь байна уу, эцгийнхээ гэрт л дураараа загнадаг юм байгаа биз, эх орноо хүндэлсэнгүй, хэн оруулчихав, хэний арын хаалганы хүн бэ, аягүй бол энүүхэн Улаан-Үдээс худлаа яриад ирж байгаа биз, тэр оруулсан хүнийг нь хамт шалгая, шинжилгээ авъя, аль аль улсын нутгаар дамжсаныг нь тодруулсан уу, паа яана аа, хамгийн эрсдэлтэй бүсээс ирсэн байна шд, хөөе энэ төр засаг, тэр муу УОК ажлаа хийж байгаа юм уу, та нар цалингаа аваад ажиллаж байж хилээ манахгүй хэн үлгэр яриад ирснийг оруулчихлаа, ажлаас нь хал...." за зүгээр энэ байтугайг бичиж, ярьж, бусниулж байгаа даа. Өө тэгээд зогсохгүй, ийм байдлаар хилээр хэдэн ч тэнүүлчин нэвтрүүлсэн юм билээ, мэдэгдсэн нь л энэ оюутан боллоо, улс даяар вирус тарснаас зайлшгүй боллоо гээд хэдхэн цагийн дотор хэдэн зах, дэлгүүрээ цөлмөөд бие бие дээгүүрээ гишгээд гарцгаана. Яагаав, нөгөө Анх-Отгоныг ирэхэд яалаа, оруулсан гэх гишүүний үр хүүхэд рүү арайтай л үнс цацаагүй. Тэгсэн энэ удаа юу болов? Чехээс 25 хоног туулж машинаар ирсэн оюутан охиныг оруулсангүй, адуу байсан бол алтаар хөшөө босгох байсан биз дээ, хэн оруулаагүй вэ, ажлаас нь хал гээд л авч өгч байна аа. Сайн ч муу ч 200 шахам хоног мөрдсөн дүрмээ нэг л хоромд үгүй хийх юм бол төр улс, хууль цааз гэж байгаад яана. Эдийн засгийн ийм их эрсдэл хүлээн хамаг хаалга үүдээ хааж хориод ч яана. Гадаадад адилхан гацсан монголчууд маань ч ингэтлээ тэвчиж, эцтэлээ хүлээгээд яана. Дээр нь УОК, ГХЯ, Элчингүүд, ТЕГ гээд хэд хэдэн байгууллагын нэр гарлаа. Шалгах ёстой юмаа шалгалгүй л яахав. Хэний хэн, хэзээ Монголоос явсан, хаана амьдарч байгаад ирсэн, хэрэг төвөг, залилан энэ тэрд орооцолдсон уу, хамгийн гол нь ямар ямар улсын хилээр хэрхэн гарч орсон, ар гэрийнхэн нь хаана байгаа...үнэхээр Монгол Улсын иргэн мөн үү? Энэ мэтийг нягтлан шалгахгүй бол бидний аюулгүй байдлын зэрэглэл нэг шат доошлох юм. Адаглаад л орцныхондоо вирус тараагаад явж байсан дотор эмэгтэйн бичлэгийг сана. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспортыг худалдаад авчихсан хэдэн арван гаднын иргэн бий. Энэ удаа үнэхээр Монголоо зорьсон монгол бүсгүй байж, Тагнуул, цагдаагийнхны хил дамнасан шалгалтаар тэр нь нотлогдоод, эх орон нь хаалгаа нээлээ. Одоо үүний цаана дахиад асуудал гарна. Гадаадад гацсан цөөхөн монголчуудын маань тэвчээрийн чагтага алдуурч, эх орныхоо зүг энэ охин шиг ардын баатрын аймшиггүй зориг гаргаад зүтгэнэ. Яадаг ч байсан хил дээрээ очоод яг энэ охин шиг хаалгаа өшиглөөд орно л гэж үзнэ. Тэгээд зүтгэнэ, зөрнө. Энд тэндэхийн хил гаальд баригдана, эрх чөлөөгөө хасуулна, шоронд орно, хохирно, хүний наймааны золиос болно, хаа нэгтээ сураггүй алга болно, тэр болгон аз таарахгүй...иймэрхүү л явдлын эх тавигдлаа даа. УОК цаашдаа ийм тохиолдол нэг бусаар нэмэгдэнэ гэж тооцож, энүүхэн хоёр хөршөөс эхлээд монголчууд наашаа цувна гэж бодож бэлтгэлээ базаах нь зөв биз, хяналтаа харин сулруулахгүй шүү. Хөөрхий минь хүн нь байтугай адуу нь нутаг зүтгэдэг Монгол мину ...гээд үүдээ дэлгээд өвчин импортлоод байвал юу болох вэ? Адуу малтайгаа зүйрлээд, арайтай л туульс, дуурь зохиосонгүй хоёр хоног уярцгаалаа. Ингэхэд адуу уншаад сурчихсан, хууль дүрэм тангардаг болчихсон юм уу? Улс орноороо, том жижиг хөгшин залуугүй өчнөөн хоног мөрдсөн дүрэм журам, дүүрэн ч үгүй, дундуур ч үгүй эх орноо хүндлээд, хоёр хоног байтугай хүлээгээд, төрт улсын иргэн юм бол төрийнхөө хуулийн дор мэхийгээд орж ирэхэд юу нь болохгүй байхав. Төр эрхэм, төр эмзэг шүү. Хууль зарлигтай тусгаар улс ихэмсэг оршиж, эрхэмсэг үүдээ нээнэ!

                                Сэтгүүлч,  яруу найрагч Р.Эмүжин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.