Т.Гантулгыг МХЕГ-ын даргаар, Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны ТНБ-ийн даргаар тус тус томилов

ТОМИЛГОО: Т.Гантулгыг МХЕГ-ын даргаар томилов

Засгийн газрын өнөөдрийн /2020.07.29/ хуралдаанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын даргаар Т.Гантулгыг томилжээ.  Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд шинээр Засгийн газар байгуулагдангуут бүрэн эрхийн хугацаа нь дууссан юм.

МХЕГ нь Шадар сайдын албанд харьяалагддаг. МХЕГ-ын даргаар томилогдсон Т.Гантулга нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1983 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагчаар эхэлж, 1994-2000 онд “Алтайн кашмир” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 оноос Эрчим хүчний дэд сайдын алба тус, тус хашжээ.

Гадаад харилцааны яам Төрийн албаны зөвлөлд хандан Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга ирүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонгон шалгаруулалт болж, Н.Анхбаяр тэнцжээ.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү бөгөөд хуульч мэргэжилтэй.

2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж, 2007 оноос Гадаад харилцааны яам, дипломат албанд 13 жил ажиллажээ. Тухайлбал, 2007-2012 онд Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газар мэргэжилтэн, атташе, дэд захирлаар, 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар, 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар, 2016 оны долдугаар сараас Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад энэ албанд томилогдлоо.

Засгийн газар 2019 оны тавдугаар сард түүнийг Австралийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга татгалзсанаар УИХ-аар баталж чадаагүй.

 

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хүк ажилаа сайн хийж дээ МХЕГ-н дарга яг болсон бна.
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ТОМИЛГОО БОЛЖЭЭ
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Ханд
    Т. Гантулга нэр цэвэр шударга, Зарчимч хүн дээ амжилт
    2020 оны 07 сарын 29 | Хариулах