ЗАСАГТ ХАН-ХАНТАЙШИР-АЛТАЙ-ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

Лодонгийн Түдэв багшийн номуудыг эргүүлж, тойруулж сууна. "Адгийн сохор" нэртэй нэгэн хошин өгүүллэгтээ "Засагт хан аймгийн нутаг асар уужим, хойт зүг Сангийн далай, Тэсийн голын эргээс эхлээд өмнө зүг Хонин усны говь, Гичгэний шар нурууг даван цэлийсэн өргөн уужим хээр тал нутаг.." гэж өгүүлжээ.

Гэрсэнз хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай дархан ноён, дархан ноёны хөвгүүн Баяндар, Баяндарын хөвгүүн Лайхур хан, Лайхур ханы хөвгүүн Субадай Засагт хан гэж цоллогдсон үеэс Засагт Хан аймгийн түүх эхэлж, 1923 онд Хантайшир уулын аймаг гэж нэрлэгдэх хүртэл үргэлжилнэ. Харин 1691-1911 он хүртэл Засагт хан аймгийг Улиастайд төвтэй Манжийн амбан засаглаж, үе үеийн ханууд билэгдлийн шинжтэй байсан бөлгөө. Энэ үе нь Засагт хан аймгийн түүхийн он тооллын цаг хугацаа.

1921 онд ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газар байгуулагдсаны дараахан 1922 онд хүн ам, мал хөрөнгийн тооллого хийжээ. 600, 000 гаруй хүн тоологдсоны 120, 000 орчим нь лам. Эерэг талаас нь авч үзвэл 5 хүн тутмын нэг нь төвд, санскрит буюу гадаад хэлний мэдлэгтэй, бас монгол бичиг үсэг, манж, хятад, орос хэл бичигтэй хүн амаа нэмбэл Монгол Улс боловсролын хувьд тийм ч харанхуй бүдүүлэг улс байгаагүй юм. Хүн амын тооллогод үндэслэн засаг захиргааны шинэ хуваарь, бүтэц хийжээ. Хануудын нэрээр нэрлэж байсан аймгуудыг уулын нэрээр нэрлэсэн. Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг гэж нэрлэсэн нь их учиртай. Түүх сударт машид нэвтэрхий мэргэд төр, засгийн дээд түвшинд ажиллаж байсан, бас номтой хүмүүсийнхээ үгийг сонсдог байсан бололтой юм билээ. Отгонтэнгэр хайрхан гэхэд Засагт хан аймагт харьяалагдаж байгаагүй, тэгээд ч үе залгамжилсан Засагт ханууд Хантайшир уулаа өвөрлөж, арлаж төрж өссөн хүмүүс байсан, Засагт хан аймгийн гол хошуу - Засагт хан хошууны нутаг гэхэд хойгуураа Хасагт хайрхан, Шаргын говийн урд тал, Бурхан буудайгаар хярласан Халиун сумын нутаг, Тайшир, Дэлгэрийн нутаг бүхэлдээ, Чандмань сумын зарим хэсэг багтсан өргөн уудам нутаг юм. Засаг захиргаа болон шашны төв нь Хантайшир уулыг арлан оршиж байсан Арын хүрээ. Засагтханы тамга хэзээнээс энэ хүрээнд хадгалагдаж ирсэн түүхтэй.

Хантайшир уулын аймгийн түүх 1923 оны 4 дүгээр сард Цогтой засаг гүн Дамдин-Абшаа Хантайшир уулын аймгийн чуулганы даргаар томилогдож, засаглаж эхэлснээс эхэлж, 1931 онд дахин засаг захиргааны шинэчилсэн хуваарь хийж, Алтай, Завхан аймаг байгуулагдах хүртлэх он жилүүдийг хамаарна. 1924 оны 9-р сарын 5-нд Хантайшир уулын аймгийн анхдугаар их хурлын 4 дүгээр хуралдаан болж, чуулганы даргад 4 хүний нэр дэвшүүлж, хурлын төлөөлөгч 28 хүн нууцаар саналаа өгснөөс 21 хүний санал авсан Жонон гүн Жамьян-Очир хоёрдахь чуулган даргаар сонгогджээ. Жамьян-Очир гүн бол түүхэн хүн. Жамьян-Очир гүний зээ охин нь "Энтүмэн" ХХК-ны ерөнхий захирал, гавьяат, тод манлай уяач Т.Гантөмөрийн Ээж. Т.Гантөмөр гавьяат өндөр боловсролтой, ухаантай хүн болохоор нагац өвөг эцгийнхээ тухай түүхэн судалгааг шинжлэх ухааны түвшинд мэргэжлийн эрдэмтэдээр хийлгэж байгаа нь тун сайшаалтай. 1929 онд хуучин төрийн ван, гүн зэрэг өндөр цол хэргэмтэй байсан, тайж язгуур угсаатай хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хасах хүртэл Хантайшир уулын аймаг Арын хүрээнд төвлөрч байгаад засаг, захиргааны төв нь 1929 онд Улиастайд шилжсэн билээ.Хантайшир уулын аймгийг Улиастайгаас үндсэндээ 2 жил буюу1931 он хүртэл удирдсан юм. Түүхэн баримт бичигт тулгуурлан одоогийн Говь-Алтай аймгийн төвийг "Засагт хан аймгийн ГАЛ ГОЛОМТ" гэж тодотгосон нь яах аргагүй зөв шийдвэр.

1931-1933 он хүртэл үйл ажиллагаа явуулсан Алтай (Зарим баримт бичигт Өрнөговь аймаг гэж буй) аймгийг Завхан аймагтай нэгэтгэж, Улиастай хотод төвлөрүүлсэн боловч, "Улсын 8 дугаар их хурлын тогтоолоор тус улсын засаг захиргааны байгууллагуудыг өргөн олон түмэнд ойр дөхөм, хүрэлцээтэй болгон эмхэтгэж сайжруулах зорилгоор Завхан аймгийг хоёр аймаг болгож өөрчлөн зохиох тухай даалгасныг биелүүлэх тухай" Улсын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1940 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 58 дугаар хурлын тогтоол гаргаснаар ГОВЬ-АЛТАЙ аймаг шинээр байгуулагдсан түүхтэй. Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн энэ тогтоолд дарга Бумцэнд, орлогч дарга Ёндон, нарийн бичгийн дарга Баяр нар гарын үсэг зуржээ.

Говь-Алтай хэмээх аймгийг зохион байгуулах ажлыг удирдан явуулж, гүйцэтгэх үүрэг хариуцлагыг хүлээсэн бүрэн эрхэт комиссыг Нийслэл хотын захиргааны дарга, УБХ-ын гишүүн Мажиг, Улаан хэрээстийн гүйцэтгэх хорооны дарга Ядамжав, Завхан аймгийн нэгдүгээр орлогч дарга Гүнсэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Сайд нарын зөвлөлийн бэлтгэл хөрөнгөнөөс 50000 төгрөг олгожээ. Аймгийн төв одоогийн байгаа газраа төвлөрөн, 1945 оноос барилга байшин баригдаж, хот суурин болж хөгжсөн.

Энэ бүхнийг учирлан өгүүлэхийн учир нь хэмээвээс:

1.Түүхийн шинжлэх ухааны үндсэн зарчим нь түүхийг эдүгэчилж болдоггүй. Түүх зөвхөн түүхэн баримт бичиг, эд өлгийн зүйлс, бодит үнэнд суурилдаг. Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг, Алтай хийгээд Говь-Алтай аймаг бүр өөр өөрийн он тоолол, цаг хугацаатай. Нэгийг нөгөөгөөр орлуулж, бас нэгийг нөгөөгөөр үгүйсгэж, баллуурдаж болдоггүй. Түүх түүхээрээ, үнэнээрээ л байх ёстой юм.

2. Говь-Алтай аймаг бол Засагтхан хийгээд Хантайшир уулын аймгийн нэг хэсэг болохоос биш, харин бүхэлд нь ганцаараа төлөөлөх, өмчлөх түүхэн хийгээд эрх зүйн боломжгүй. Зөвхөн Хантайшир уулын аймаг гэхэд одоогийн Говь-Алтай, Завхан аймаг бүхэлдээ, Ховдын 3-4 сум, Увс аймгийн Хан хөхий уулын хошуу - Өндөрхангай, Зүүнхангай, Завхан сум, Хөвсгөл аймгийн 12 сум, Баянхонгор аймгийн 9 сумын өргөн уудам нутаг, хүн ардыг багтаасан түүхэн асуудал.

Манай аймгийн ард түмэн 1950 оноос эхлэн аймаг байгуулагдсаныхаа тэгш ойг 10 жил тутамд тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин улсын баяр наадмаа хийхдээ Засагт хан аймаг байгуулагдсан 1558 он, Хантайшир уулын аймаг байгуулагдсан 1923 оныг хамтад нь хүндэтгэн тэмдэглэж байх нь түүх, соёлоо иргэд, хүүхэд залуучууд нь мэдэж, бахархаж явахад ач тустай нь мэдээж ээ. Түүхийг талцан түүхийрүүлж, хүн ардаа маргалдуулж цэц булаалдах нь тийм ч сайн зүйл биш. Ямар нэг зүйлийг түүхэн үнэнээс хазайлган муйхарлан зүтгүүлээд байвал хэлснээр нь болчихдог тайлбарлахад хэцүү үзэгдэл, тохиолдол байдаг. Ухаант ард түмэн "Монгол хүн билгээр, дотор хүн бэлээр..." гэж хэлцдэг нь их учиртай үг. Тэгээд ч энэ жил цар тахлын улмаас юун ойтой манатай байх шиг байна. Уг нь арван жил тутамд аймаг, сумандаа ах дүү, хамаатан, садан, найз нөхдөөрөө цугларч, уулзаж, эрт, эдүгээг ярилцаж, дурсан санаж, ой санамжаа бөхөлж байх нь тийм ч муу муухай зүйл бишээ. Нэгэнт саармагжуулан өөх ч биш, булчирхай ч биш болгочихсон болохоор талцаж маргасаар байтал намар хаяанд ирчихлээ.

Аймгийнхаа 80 жилийн ойг угтан хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг сайжруулж, зарим нь хол ойроос хурдан хүлгүүд авч, одоо хүртэл уяж сойж байгаа юм билээ. Ядахдаа Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан баруун бүсийн хурдан морины "цахим" уралдаан зохион байгуулж, цэнхэр дэлгэцээр хол, ойрынхонд хүргэвэл олон хүний, олон жил, сарын хөдөлмөр үнэгүйдэхгүй.

Энэ ялдамд 2023 онд Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг Гэгээн нуурын орчимд, гол хоёр аймаг дундын заагт хийж, энэ том аймагт харьяалагдаж байсан бүх сумдыг урин оролцуулж тэмдэглэн "Эрдэнэ бишрэлт Засагтханы тамга"-ыг цэнгүүлж, Говь-Алтай аймагт хадгалагдаж байгаа тамга, Завхан аймагт хадгалагдаж байгаа хайрцгийг учруулбал билэг, дэмбэрэлтэй сайхан баяр цэнгэл болно доо.

                          Төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Доктор В.АЛЗАХГҮЙ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ааяа ахын санааг дэмжиж байгаа ч .засагт ханы тухайд бол өөр юм. Завхан аймгийн долоон сум л засагт ханд орж байсан бөгөөд ,бусад нь сайн ноён ханд орно.
    2020 оны 07 сарын 27 | Хариулах