Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн ТАВАН хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 757 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 752 хүнээс коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор ирсэн ТАВАН хүнээс коронавирус илэрлээ. 20-34 насны таван хүн халдвар авсан байна. 757 хүнээс шинжилгээ авсан, энэ бол их тоо.  

Халдвартай өвчтөнүүдтэй ажиллаж буй найман эмч, ажилчинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.  Алтанбулагийн боомтоор өчигдөр 85 хүн ирсэн, энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил явагдаж байна. 

Хөрш орнууд маань халдварыг алдаж, эрүүл мэндийн салбар нь самгардаж байна. Энэ бол бидэнд дохио сануулга өгч буй хэрэг юм. Тиймээс иргэд зуны дэлгэр цагт хөдөө гарч, нэг дор олноороо бөөгнөрөлгүй, шимтэй өвс ургамлаар хооллосон малынхаа махыг идэж, агаар салхинд дархлаагаа сэргээхийг уриалж байна. Тэврэлдэж золголдохгүй, хөөрөг дамжуулахгүй амрахыг зөвлөж байна.

Жил бүрийн намар улирлын томуугийн дэгдэлт гардаг. Ирэх намар томуугийн дэгдэлттэй коронавирусийн халдвар хавсрах эрсдэлтэй гэж анхааруулж байна.  

Та бүхэн мэдэж байгаа, олон оронд хөл хориогоо огцом сулруулснаас үүдэн халдварын тохиолдол эргэж нэмэгдсэн.

Казахстан улсад 48 мянга гаруй хүн өвчилж 264 хүн нас баржээ. Үүн дээр анхаарах ёстой зүйл нь Казахстан бол нүүдэлчин улс. Бидэнтэй адилхан хэв маягаар амьдардаг. Манайтай хил залгаж байгаа хөрш оронд нөхцөл байдал ийм байна. Мөн Тува, Буриад, Читад тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь бидэнд сануулга өгч байгаа юм.

Нарлаг Монгол оронд зуны дэлгэр цаг хоёрхон сар үргэлжилнэ. Үүнийг ашиглаж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Өндөр уул, хад, тал хээрт ургадаг бэлчээрийн малынхаа махыг идээд, хотод бөөгнөрөлгүйгээр хөдөө ах дүү, аав ээж, өвөө эмээдээ очоод зайтай, олноороо шавалгүй, салхинаас өөр чимээгүй газар амраад, эргэж аравдугаар сард цуглая.

Улирлын томуу гэж жил бүр тохиолддог гамшиг бий. Тэрэнтэй корона давхцах нь тодорхой гэдгийг сануулаад байгаа. Дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд улирлын томуу эхэлж, коронавирустэй давхцаад төвөгтэй байдал үүсгээд байгааг мэдээлсээр байна" хэмээв.

Коронавирус бидний амьдралын хэв маягийг өөрчилж байгааг сануулаад хөөргөө дамжуулахгүй байх, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээнд, цомхон амарч авъя гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.