Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өнөөдөр нээлтээ хийлээ

 

Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал, Нийслэлийн Хүрээ амаржих газар өдгөөгөөс 60 гаруй жилийн өмнө нэг эмч, нэг их эмч, найман ор, 20 сувилагчтай жижигхэн хэсгээр эхэлж байв. Тэгвэл өнөөдөр бид Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг болгон өргөжиж байна. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн өрөө тасалгаа, орчин үеийн лабораториудтай. 8-10 чиглэлээр эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.

ОЛОН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭН Ч ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ЭНЭ АСУУДЛЫГ ХОЁР ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД ХИЙЛЭЭ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Энэ эмнэлэг ашиглалтад орохыг 10 жил хүлээсэн. Сэтгэл байсан бол хийж болох байсан гэдгийг маш богино хугацаанд хамтран ажиллаж зүтгэсэн үр дүн харуулж байна. Юуны түрүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд эрүүл мэндийн салбарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олон жилийн хугацаанд хэн ч юу ч хийгээгүй энэ асуудлыг хоёр жил хүрэхгүй хугацаанд олон тэрбум төгрөгийг шуурхай шийдвэрлэж өгсөн. Тус эмнэлгийн барилгыг хариуцсан компани шуурхай, сайн ажиллаж Монгол Улс хоёр дахь Эх хүүхдийн үндэсний төвтэй боллоо.

Нийслэл хотын үндсэн ачааллыг өнөөдөр нээгдэж буй төв авч Эх нялхсын эрүүл мэндийн төв үндэсний хэмжээнд үйлчлэх боломж бүрдэж байна. Тус эмнэлэг авто машины зогсоол, агааржуулалт, хүчилтөрөгчийн үйлдвэр, мэс заслын блоктой. Байхгүй зүйл байхгүй эмнэлэг гэж хэлж болно. Зөвхөн төрөх эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна, нөхөн үржихүйн эрүүл мэнд, нялхсын эрт илрүүлэг, эмэгтэйчүүдийн цэвэршилт зэрэг олон жил анхаарал хандуулаагүй зүйлийг бүхэлд нь хийх боломж бүрдсэн үндэсний хэмжээний цогцолбор юм.

Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн гол цөм юм. Тухайн улсын хөгжлийг эх хүүхдийн эрүүл мэндийн байдлаар нь хэмждэг. Тэгвэл бид улс орныхоо хөгжлийг харуулсан энэ сайхан цогцолборыг хүлээж авч байгаа явдалд баяртай байна. Үнэхээр хүсвэл хийж чаддаг гэдгийг харууллаа хэмээв.

Мөн тэрээр тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банктай хамтран шийдсэн талаар тэрээр онцлон хэлэв.

АЛИВАА АЖЛЫГ ХИЙХЭД СЭТГЭЛ БАЙВАЛ БОЛДОГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БИД ХАРЖ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинээр эмнэлэг нээгдэж буй нь сайхан байна. Улсын хувьсгалын 99 жилийн ойн өмнө ард иргэддээ сайхан бэлэг барьж байна гэж бодож байна.

Монгол Улсын хүн ам 30 гаруй жилийн өмнө хоёр сая байсан бол одоо гурван сая гаруй болсон байна. Манай улсын төрөөс Эх нялхсын төвийг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийг хүртэл түүнтэй дүйцэхүйц барилга байгууламж баригдаагүй юм. Тэгвэл өнөөдөр бид монголынхоо эх, үрс, ард түмнийхээ эрүүл мэндэд зориулж энэ сайхан барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Уг барилгын суурь 2010 онд тавигдсан. Түүнээс хойш хөрөнгө, санхүү зэрэг олон гачаалын улмаас баригдаж чадаагүй өнөөдрийг хүрсэн.

Аливаа ажлыг хийхэд сэтгэл байвал болдог юм байна гэдгийг бид харж байна. 2018 онд энэ барилгыг барьж дуусгах чиглэлээр үүрэг чиглэл гаргасан. Эрүүл мэндийн яам, НЗДТГ хамтран тууштай зүтгэж, сэтгэл гарган ажилласны үр дүн гарч байна. Хоёр жил гаруйн хугацаанд тус барилгыг барьж ашиглалтад орууллаа. Цаг хугацаанд нь барьсан хамт олонд талархал илэрхийлье.

Тус барилга нь 34.200 м2  талбайтай. 880 өрөө, 700 гаруй эмч ажилтан, 300 ортой ажиллах хүчин чадалтай эмнэлэг юм. Шаардлагатай тохиолдолд 1000-1500 ор дэлгэх бүрэн боломжтой. Мөн төрөх эмэгтэйчүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Жилд 10 мянга гаруй эх төрж, нийтдээ 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Эх хүүхдэд тулгамдаж буй асуудлыг тодорхой хэмжээнд шийдэгдэж байна гэж Монгол Улсын Засгийн газраас үзэж байна. Энэ ажилд их ач холбогдол өгч ажилласан хүмүүст дахин талархал илэрхийлье хэмээн тус эмнэлгийн нээлтийг хийснийг албан ёсоор мэдэгдэв.

Эх сурвалж:GoGo.mn



  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.