Гандантэгчэнлин хийд үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар боллоо

УОК-ийн 7-р сарын 1-нд гаргасан шийдвэрийг үндэслээд МБШТ Гандантэгчэнлин хийдээс сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

2020 оны 2-р сарын 22-нд УОК, МУ-ын Засгийн Газар, ЭМЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу олон нийтийн газар, сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг хааж, хөл хорио тогтоосон. Шийдвэрийг даган МБШТ Гандантэгчэнлин хийд нь сүсэгтэн олныг цуглахгүй байхыг уриалж, дотооддоо үйл ажиллагаа явуулж байсан.

Харин УОК 7-р сарын 1-нд гаргасан шийдвэрээр  сүм хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатайгаар нээхийг зөвшөөрсөн. Энэ цаг үеэс МБШТ Гандантэгчэнлин хийд нь олон нийтэд үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар  боллоо. Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ирсэн сүсэгтэн олонд зориулан хөтөч нарыг ажиллуулахаар болжээ. "Батцагаан" цогчин  дуганд гол үйл ажиллагааг явуулна. УОК-оос гаргасан заавар зөвлөмжийн дагуу ариутгал дэг журмын талаарх нийт 14 зүйлийг тусгасан удирдамж гаргаж байгаа юм байна.

2020 оны 7 сарын 4-9-ний хооронд 09:00-17:00 цаг хүртэл сүсэгтэн олонд цагаан сарын уншлага номыг хийнэ. Ингэхдээ "Батцагаан" Цогчин дуганы танхимын баруун, зүүн жигүүрт сүсэгтэн олны айлтгал хүсэлтийг хүлээж авна "Батцагаан" Цогчин дуганы  гол танхимд хурал номоо хийнэ.

Доод танхимын баруун зүүн жигүүрт сүсэгтэн олны айлтгал ном хурна.   Иргэдийг хүлээн авахдаа УОК-оос тавьсан шаардлагын дагуу, гар ариутгагч зэргийг бэлдэн зохион байгуулна. Мөн иргэд амны хаалттайгаа ирээрэй. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.