ЗҮТГЭЭ УЛААНЫ ХҮҮ



ЗҮТГЭЭ УЛААНЫ ХҮҮ. Тэр үйл хэргээрээ үүнийгээ цаг тутам нотолно. Түүний аав Жанчивын Сандаг Ховд аймагтаа нэртэй сум нэгдлийн дарга байсан гэдэг. Жаргалант, Манхан, Чандмань, Мянгад гээд олон суманд сум нэгдлийн даргын албыг нэр төртэй хашиж, ажлаараа “Баян ходоод“ болсон нэгдлүүдийг аймагтаа байтугай улсад тэргүүлүүлж, бүр ЗИЛ-130 машинаар шагнуулж байсан мундаг удирдагч. Ямар сайндаа л нутгийн олон ЗҮТГЭЭ УЛААН гэх алдар хайрлаж байх вэ дээ.

Аавынхаа энэ чанарыг тэр ёстой хуулсан юм шиг өвчиж төрсөн хүн. Хамт ажиллаж буй хүмүүсийнхээ хүчийг шавхана. Нэг ажил эхлүүлсэн л бол түүнийхээ үр дүнг үзэх гэж өөрөө ч өдөр шөнөгүй зүтгэж, өрөөлийг ч бас тэгж ажиллахыг шахаж шаардана. Заримдаа дэргэд нь байхад адармаатай гэмээр хэцүү. Ажлаа зөв төлөвлө, зөв хэрэгжүүл, сайн хяна, үр дүнг нь зөв дүгнэ гэсэн зарчимтай.

Олонх хүн ажлыг тэгсхийгээд гурилдах гэж, нүд хуураад өнгөрөх гэж оролдох болсон энэ цагт түүний энэ хатуу шалгуурт нийцэх гэдэг амаргүй. Хатуу шаардлагатай хэрнээ ажлын ард гарсны дараа зөөлөн буулттай. Хүнийг сайхан ойлгож харьцана, урам өгнө.

Зарим хүмүүс эрх тушаалд дэвшээд ирэхээрээ энгийн олноос холддог гэмтэй. Тойрон хүрээлж буй хүмүүс нь вакумжуулж бодит амьдралаас таслаж орхидог. Харин түүнийг бол вакумжуулна гэдэг ёстой гонжийн жоо. Хэн худал магтаж буйг, хэн хов хор хутгаж буйг андахгүй. Дарга нарыг худлаа мэдээлэл, хоосон магтаалаар хуураад сурчихсан бэртэгчин нөхдийн багийг улалзтал нь хуу татаж орхино. Тийм ч болохоор эргэн тойронд нь ажлын ачлаалал даадаг, хариуцсандаа эзэн болдог хүмүүс олон.

Түүний дэргэд ажиллаж байсан хүн дараа нь хаана ч очсон гологдохооргүй чадвартай болсон байхыг олонтаа харж байлаа. Аливааг дандаа том зургаар нь харж, Ховдынхоо төлөө, Монголынхоо төлөө ийм л зүйл хийчих юмсан гэсэн алсын хараатай сэтгэлгээгээр хандана. Ийм түшээтэй байгаад нь би Ховдынхонд цагаахан атаархдаг л юм. Зөв хүнээ олж таньдаг, онож сонгодог түмэн учраас ажил хийдэг, ачаа даадаг хүндээ л итгэлээ өгдөг хэрсүү зон аж. Үүнийхээ ч үр шимийг хүртэж яваа түмэн.

Хотоос хаа байсан 1600 км алслагдсан хэрнээ бараг бүх сумд нь толь шиг хатуу хучилттай замтай, сумын төв байтугай баийн төвүүд нь муухан сумаас дээр барилга байшинтай, дэд бүтцийн хөгжлөөрөө дээгүүр орсон аймаг болчихсоныг анх үзээд гайхаж л байлаа. Харин одоо бол гайхахаа больсон. Гишүүд нь Ховд гэдэг том эрх ашиг дээрээ нам гэж талцахгүй эвлэж нэгдээд, нутаг орныхоо төлөө нуур нугас болчихдог айхтар нөхдүүд байгаа юм. Нутгийн зөвлөл нь хүртэл зангидсан гар шиг эвийн сэтгэлтэй нэгэн цул. Ховд гэсэн нэгэн туган дор эвлэж нэгдэхдээ гаргууд. Ховд гэдэг их айлыг өнөөдөр ЗҮТГЭЭ УЛААНЫ ХҮҮ зүглүүлж чиглүүлж явна. Энэ цаг дор тэр ШИНЭ ХОВД хэмээх хөгжлийн их нүүдлийн хөсөг хөтлөх үүрэг хүлээжээ.

Бас АЛСЫН ХАРАА-тай Монголын ачааны хүндээс үүрэлцэх жинтэй улс төрч, жинхэнэ төрийн хар хүн болж төлөвшжээ. Удам сайт дээдэс нь түүнийг тэнгэрийн орноос ивээж, уул их Алтай нь дэргэдээс нь дэмнэж байгаа болохоор тэр алзахгүй ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.