Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгуулагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. 

Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно. Зургаадугаар сард 2,000 гаруй иргэнээ татсан бол  долдугаар сард 3,000 иргэнээ татахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шуурхай штабаас өгөх болно" гэлээ. 

Улсын Онцгой Комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн. 

Сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулган хуралдахтай холбоотойгоор УОК-ын хуралдааныг түр завсарлуулаад байна. Анхдугаар чуулганд шинэ гишүүд тангараг өргөснөөр түр завсарлаж 16:00 цагаас үргэлжлүүлэн хуралдаж УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. 

УИХ-ын даргыг сонгож, Анхдугаар чуулган хаалтаа хийсний дараа УОК-ын хуралдааныг үргэлжлүүлэх болсон байна. 

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудыг халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.