С.Амарсайхан: Стандарт, аюулгүй байдал хангасан 800 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх ажил эхэлж байна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан стандарт, аюулгүй байдал хангасан 800 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байгаа талаар мэдээлж байна.

Нийтийн тээврийн шинэчлэх бодлогын хүрээнд шийдвэрлэж буй таван асуудлын нэг нь такси үйлчилгээ бөгөөд нийслэлээс хувийн хэвшилтэй хамтран такси үйлчилгээг нэг стандартад оруулахаар ажиллаж байна. 

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб" ХХК, "Юби каб" ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан "ХОТ ТАКСИ" брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Эдгээр стандартын шаардлага хангасан загвар таксины эхний ээлжийн 50 таксиг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэхийг нь шалгаж, жолооч нартай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо.  

 

Эхний км-т 1500 төгрөг байх бөгөөд дараагийн км-үүд нь  1000 төгрөг байх юм

Нийслэл хотод нэгдсэн стандарт бүхий ХОТ такси хэмээх такси үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаа бөгөөд нийт 800 такси үйлчилгээнд явах юм байна. Энэхүү такси үйлчилгээ нь эхний км-т 1500 төгрөг байх бөгөөд дараагийн км-үүд нь  1000 төгрөг байх юм. ХОТ таксинд үйлчилгээ үзүүлэх жолооч нар мэргэшсэн сургалтад хамрагдсан бөгөөд такси үйлчилгээнд явах автомашинуудын жолооны хүрд нь зөв талдаа. Мөн UB CAB аппликэйшнээр дамжуулан авах юм байна. Такси үйлчилгээний тоолууруудыг стандартын шаардлага хангаж, баталгаа авсан бөгөөд тоолуур нэг см-ийн нарийвчлалтай гаргаж, төлбөрийг алдаагүй гаргах тоолуурыг тавьсан байна. 

Улаанбаатар хотод 512 такси үйлчилгээнд явж байгаа нь хангалтгүй бөгөөд судалгаагаар нийт 3000-5000 такси үйлчилгээнд явж байж эрэлтээ хангах боломжтой гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ. 

 

Хүн суулгаад УИД хаана билээ гэж асуудаг үе өнгөрч байна. Та бүхэн цэвэрхэн, аюулгүй, түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Стандарт, аюулгүй байдал, ариун цэвэр хангасан автомашинтай иргэн такси үйлчилгээнд ажиллах боломжтой болж байна. Мөн иргэд төлбөрийн тал дээр эргэлзээгүй байх боломж бүрдэж байна. Хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотыг стандартай болгох асуудлыг өнгөрсөн жил гаруйн хугацаанд эхлүүллээ. Цахилгаан, ажил хэргийн, аялал жуулчлалын, сургуулийн гэх мэтээр автобуснуудыг төрөлжүүлж байна. Энэ онд багтаад дахин сургуулийн 200 орчим автобусыг оруулж ирэхээр болоод байна. Гэх мэтчилэн төрөлжүүлэх нь хүндээ ч эдийн засгийн ч хэмнэлттэй. Такси үйлчилгээний хувьд олон нийтийн компани үүсэж байна гэсэн үг. Та бүхэн тогтмол сургалтад сууж байгаа тийм үү. Хүн суулгаад УИД хаана билээ гэж асуудаг үе өнгөрч байна. Та бүхэн цэвэрхэн, аюулгүй, түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэй. Цаашдаа сургууль эхлэхээр хэд хэдэн эцэг эхчүүдтэй тохиролцоод өглөө, өдөр, орой хүүхэд хүргэх нэмэлт үйлчилгээг явуулж болно " гэлээ. 

Таксины лицензийг мөнгөөр шийдвэрлэдэг асуудлыг Тээврийн газарт шилжүүлэх юм бол такси үйлчилгээ эрхлэгчдэд илүү давуу талтай болохыг үйлчилгээ эрхлэгчид хэлж байна. Мөн такси үйлчилгээнд явахаар шар өнгөтэй дугаар авч байгаа тохиолдолд онцгой албан татварыг бууруулах боломж байгаа эсэхийг өнөөдрийн нээлтэд оролцож буй такси үйлчилгээ эрхлэгчид хүссэн юм

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.