Төв аймгийн Баянжаргалан сумаас 196 ширхэг цэнэгтэй байлдааны бөмбөг илэрчээ

Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сумын төвд байрлах эзэнгүй балгас дотроос цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлж, дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн обектыг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган шалгахад тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэг илэрчээ.  

Улмаар Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт ажиллан үргэлжлүүлэн шалгалт явуулсны дүнд нийт 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлсэн бөгөөд устгах ажиллагааг явуулж байгаа аж.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоо амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: livetv.mn

              Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.