Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 26, 27-ны өдрүүдэд нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг бүртгэж байгаа талаараа өөрийн фэйсбүүк дэх хуудсаар мэдэгдсэн.

Түүнчлэн өнөөдөр буюу тавдугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийгдэнэ хэмээжээ.

Тус мэдээлэлд "Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Москва – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр, 26, 27-ны өдрүүдэд “Наушки – Сүхбаатар” боомтоор ОХУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдийг татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

Дээрх өдрүүдэд нутаг буцах иргэд коронавируст халдварын шинжилгээ заавал хийлгэсэн байхаас гадна 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан төлсөн байх шаардлагыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас тус тус тавьж байгаа болохыг анхаарна уу.

Тайлбар:

  • Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
  • Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
  • Тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна" гэжээ. 

ОХУ-аас монгол иргэдийг татан авах бэлтгэлийг хангаж байна

Харин Монгол Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас эдгээр иргэнийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулжээ.

Түүнчлэн иргэдийг галт тэргэнд оруулахаас эхлээд Улаанбаатар хотод авчирч тусгаарлах хүртэл хугацаанд хариуцсан чиглэлээрээ хэрхэн ажиллах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих зэрэг заавар, зөвлөмж өгөв гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.