Зөвлөгөө: Хүүхдэдээ мэдрэмжээ ойлгож, зөв илэрхийлж сурахад нь хэрхэн туслах вэ?

Хүн бүхий л амьдралынхаа турш нэг ч хормыг алгасалгүйгээр сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд дунд оршиж байдаг. Тэдгээр мэдрэмжүүдийн нөлөө үг, үйлдэл, аз жаргал, амжилт бүтээл, алдаа оноо болон илрэн гардаг. Тиймээс сэтгэл хөдлөл нь чухам юу гэж байгааг ойлгож, түүнийгээ зөвөөр илэрхийлж сурснаар хүүхдүүд маань ирээдүйд амьдралаа оюун санааны түвшинд илүү сайнаар удирдан чиглүүлэх боломжтой юм.

АЗ ЖАРГАЛЫН МЭДРЭМЖ

Аз жаргал, баяр хөөр, сэтгэлийн амар амгалан нь бидний хувьд үнэ цэнтэй, хүлээн зөвшөөрөгддөг, тааламжтай үйл явдал тохиолдох үед бий болдог сэтгэл хөдлөлүүд юм. Тиймээс энэхүү сэтгэл хөдлөлийнхөө талаар ойлголттой болсноор хайртай үрс маань өөрийн хүсэл сонирхлыг таньж хөгжүүлэх, аз жаргалтай байх арга замаа олох, аливаа зүйлийн сайн талыг олж харах чадвартай, өөдрөг сэтгэлгээтэй хувь хүн болох юм.  

Хүүхдэдээ аз жаргалын мэдрэмжийг ойлгуулахын тулд

-Ямар үед аз жаргалтай байдийг нь асууж ярилцаарай

-Юу хийх нь өөрт нь тухтай сайхан байдаг тухай нь асуугаарай

-Бүжиглэх, дуулах гэх зэргээр аз жаргалын даавруудыг ялгаруулдаг аргуудыг зааж өгөөрэй

-Аз жаргалын сэтгэл хөдлөлүүдээ илэрхийлэх үгсийн санг нь нэмэгдүүлээрэй

“Энэ бол Баярбаясгалан” номын хэсгээс...


ГУНИГИЙН МЭДРЭМЖ

Гуниг нь бидэнд харуусах, гомдох нөхцөл байдлыг танихад, түүнчлэн биднийг хайрлаж дэмждэг хүрээллийг олоход тусалдаг. Энэхүү сэтгэл хөдлөлийг таньж мэдсэнээр хүүхэд бусдыг хайрлаж хүндлэхгүй байх нь ямар мэдрэмж төрүүлдгийг бусдын өнцгөөс мөн харж сурдаг.

Тиймээс хүүхдээ өөрт төрдөг гунигтай мэдрэмжээ таньж мэдэх, ийм үедээ хэрхэн тайтгарч болох, мөн бусдын гунигийг арилгахад эелдэг зан тус болдог зэргийг ойлгуулан харилцаа, сэтгэлзүйн чадвараа нэмэгдүүлэхэд нь дараах байдлаар туслаарай.

-Тэднийгээ ямар үеүдэд гунигтай байдаг талаар нь ярилцаарай. Ямар байгаагаа илэрхийлж сурах нь түүнийгээ даван туулах эхний алхам юм.

-Гунигласан үедээ сэтгэлээ тайван байлгаж сурахад нь туслах амьсгалын болон биеэр үйлдэх дасгалуудыг зааж өгөөрэй

-Мөн ямар ч үед түүнд туслахад бэлэн байж үргэлж хайрлана гэдгээ хэлж байгаарай

-Зураг зурах, өнгөөр ялган будах нь сэтгэлзүйд гэгээлэг тайван мэдрэмжийг өгдөг тул энэ аргыг мөн заагаарай.

Энэ бол гунигхан номын хэсгээс...


УУРЫН МЭДРЭМЖ

Хүн бүхэнд аливаа зүйлийн талаар тогтсон үзэл бодол, хандлага байдаг бөгөөд тэрхүү бодол болоод төлөвлөгөөний дагуу үйл явдал өрнөхгүй байх үед уурын сэтгэл хөдлөл үүсдэг. Гэхдээ энэ мэдрэмж нь хэн нэгнийг гомдоох, өвтгөх гэж биш үүссэн нөхцөл байдлыг зөвөөр шийдвэрлэх шаардлага гарлаа гэсэн дохио юм шүү гэдгийг хүүхдүүд маань багаасаа ойлгох нь чухал. Хүүхдүүд юу уурыг нь бий болгоод байдаг тухайгаа бусдад ярьж нээлттэй байснаар сөрөг сэтгэл хөдлөл нь хэвийн зүйл гэдгийг ойлгож, үүссэн нөхцөл байдалд тэвчээртэй хандах, зөв шийдвэрээр даван туулах, ойлголцох чадварт суралцах боломж бүрддэг. 

-Тиймээс хүүхэдтэйгээ юу уурыг нь хүргэдэг, ямар үеүдэд бүр хамгийн их уурласан тухайг нь ярилцаарай.

-Эд зүйлсийг гэмтээхгүй, өөрийгөө гэмтээхгүй, бусдыг гэмтээхгүй, харин яагаад уурласан тухай тухайн хүндээ хэлж ойлгуулаарай гэсэн уурын дүрмийг тэдэндээ зааж, хамгийн гол нь өөрөө үлгэрлээрэй.

-Гүнзгий амьсгаа аваад буцаагаад удаанаар гаргах амьсгалын дасгалыг зааж өгөөрэй.


АЙДСЫН МЭДРЭМЖ

Айдсын мэдрэмж нь бидний эргэн тойронд аюултай, түгшүүртэй, санаа зовоосон асуудал үүссэн үед төрдөг бөгөөд биднийг аюулаас өөрийгөө хамгаалаарай гэсэн дохио юм. Аюул түгшүүртэй нөхцөл байдал нь бидний биед болон сэтгэл санааны алинд нь ч тохиолдож болох ба тэрхүү сэтгэл хөдлөлийн шалтгааныг олсноор зөв шийдвэр гаргаж өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүрддэг. Тиймээс айдсын мэдрэмжээ таньж мэдэх, түүнийгээ илэрхийлэх, даван туулах чадварт суралцахад нь туслаарай.

-Өөрийг нь айлгаад байгаа зүйлс жинхэнээсээ байдаг эсвэл байдаггүй гэдгийг нь хүүхдээрээ үнэлэн ялгуулаарай. Мэдээж цус сорогч гэх мэт хийсвэл зүйл байвал түүнээс айх шаардлагагүй гэдгийг энэ дүгнэлтээс нь ойлгуулах юм.

-Айлгадаг зүйлсийг нь хүүхдээрээ зуруулаад, дараа нь зурсан зургаа гоёмсог болгон өөрчлөхийг санал болгоорой.   

-Айх нь буруу зүйл биш гэдгийг ойлгуулаарай.


ХАЙРЫН МЭДРЭМЖ

Хайрын мэдрэмж нь хэн нэгэнд анхаарал халамж тавьж дотно харилцаатай байгаагаа илэрхийлэх үед мэдрэгддэг. Хайрын сэтгэл хөдлөлийг их мэдрэх нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс бид өдөр тутамд хүүхдэдээ хайрын мөн чанарууд болох хүндлэл, нөхөрлөл, эелдэг зангийн талаар үлгэрлэх маш олон боломжуудаа алдаж болохгүй юм. Энэ нь тэднийг өөрийн үнэ цэнэ болоод бусдын үнэ цэнийг ойлгож энэрэн хайрлах сэтгэлээр амьдралаа зөв, тэгш авч явахын үндэс юм. Тйимээс хайрын мэдрэмжийг танин мэдэх түүнийг илэрхийлж сурахад нь хүүхдүүддээ туслаарай.  

-Ямар үед хамгийн ихээр хайр мэдэрдэг тухайг нь асуугаарай. Өөрт нь хайрыг мэдрүүлдэг үйлдлүүдийг анзаарч мэдсэн хүүхэд бусдад ч гэсэн адилхан хандаж хайрыг мэдрүүлэхийг үлгэрлэн суралцана шүү дээ.

-Өдөр тутмын жижигхэн үйлдэл бүхэн хайрыг илэрхийлж болдог гэдгийг тайлбарлаж өгөөрэй.

-Алдааг нь дөвийлгөлгүй хүлээн авч уучилж, түүнийгээ засах боломжийг олгож байгаарай. Уучлах, эелдэг хандах нь ч гэсэн хүндлэл хайрын нэг илрэл гэдгийг хүүхдэдээ ойлгуулах нь чухал юм.

Бидний жишээ авсан эдгээр номууд нь хүүхдэд сэтгэл хөдлөлүүдээ ойлгож, түүндээ зөв хариу үйлдэл үзүүлж сурахад нь туслах зорилготой цуврал бөгөөд та бүхэн хүүхдэдээ авч өгөхийг хүсвэл дараах дугаараар холбогдох боломжтой.


Захиалга өгөх утас: 8600-0123

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/EQKiddyZ/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.