Б.Галаарид: СУУРЬ ХҮМҮҮЖИЛ НЬ МОНГОЛООРОО ХҮН

  УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ,  ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б. ЭНХ-АМГАЛАН

УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалан аав ээжийн нутаг хошуу яривал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынх. Товчхондоо алдарт Хүйсийн говийнхны удам хойчис гэж хэлж болно. Гэвч аймгийн төвийг эргэж тойрон нүүж буух нагац өвөөгийнхөө босгыг элээсээр хүүхэд насаа үдсэн болохоор Дөтийн бууц, Шаврын гол, Олон нуур, Тээгийн аарагт түүний халуун мөр, гэгээн дурсамж илүүтэй буй. Хоёр өвөө нь цагтаа алдарт Бигэр номун ханы хийдэд шавилж номын дуу сонсож явсан, Дилова хутагт, Наробанчин гэгээний шавь нар. Ээжийн аав Ажаа Авирсад, гэргий Ажинхүү хоёр хоёулаа түвэд ном сайн мэддэг, ном судар ихтэй, бүр номын тусдаа өргөөтэй, шашин шүтлэг хязгаартай хатуу цагт ч аврал айлтгал хүсэн ирж буух зочны хөл ихтэй айл байв. Хол ойрын номтой хөгшчүүд үе үе тэднийд цуглана. Тэднийхийг нүүж суух болохоор сөнгө ганц охиныг нь авч суусан Бямбасүрэн жолооч хүргэн хүүгийн хүчийг үзүүлж чиргүүлтэй машинаар гэр бараа, ном судрыг нь зөөнө. Өвөө эмээгийн амин үр нь Энх-Амгалан. Элдэвт сэргэг, хичээл сурлага сайтай зээ хүүгээ өвөө эмээ нь жинхэнэ монгол ёсоор хүмүүжүүлж, эрхлүүлэхийг цээрлэж, хал үзүүлж, хат суулган амьдралын ухаан таниулахыг хичээнэ. Ажаа Авирсадын ганц охин айлын хүн болоод таван охин, дөрвөн хүү төрүүлж, өнөр өтгөн болсон ч аав ээж нь мөндөл шиг хэдэн зээгээсээ Энх-Амгаланг онцолж морь зүсэлж, гэр бэлдэж, номын гэгээнд ойр, хөгшдийн цөлх ухаанд өлгийдөн өсгөсөн нь хожмоо түүнийг зөв хүн болох, зөв замаар замнахын үүтгэл нь болсон билээ.

Тэр хөгшчүүд сургаад номлоод байхгүй ч үг үйлдэл бүхнээрээ Б.Энх-Амгалангийн суурь хүмүүжилд нөлөөлж, хүнийг хүн болгохын үлгэр жишээг үзүүлсэн гэж бодогддог. Хэзээ ч уурлаж бухимддаггүй, “Алтаар урс”, “Тосоор гоож”, “Буянаа нэм” гэж ерөөлөөр уулга алддаг Ажинхүү эмээ нь аврал тус горьдсон хүмүүс өөрийг нь зорин ирэхэд өдөр шөнийн алинд ч үгүй гэж буцаадаггүй, бусдад амласан ном уншлагаа үйлдэн шөнөжин нойргүй суух энүүхэнд. Энх-Амгалан хүү нас 90 дөхсөн эмээгээ хайрлаад хүн оруулахгүй санаатай хашааныхаа хаалгыг дангинатал түгжихэд “Миний хүү, түмний үйлийг таслаж болдоггүй юм. Энэ муу зовлого яах вэ” хэмээн учирласан нь хэзээ ч үл мартах ухаарал өгчээ. Өвлийн хүйтэнд хонины гуя амбаарт хөлдөөчихөөд нимгэн нимгэн зорон аягахан шөл хийж өгч байтал нөгөөхийг нь тэнэмэл муур орж ирээд мэрчихсэн хэрэг мандтал “Хөөрхий минь, тэс хөлдүү гуя мэрээд шүд нь өвдсөн байх даа” хэмээн өрөвдөх эмээгээсээ аливаад өр нимгэн хандахын ухаарлыг олж мэдэрч л явж. “Энх-Амгалан чи хүн шиг л байж үз” гэдэг үг эмээгийнх нь хамгийн том сануулга, сургаал. Энэ үгийг яагаад хэлэв, яах гэж хэлэв хэмээн эргэцүүлэх ухаан зээ хүүд нь байгааг мэдэх учраас Ажинхүү хөгшин үүнээс цаашихыг үл өгүүлнэ.

Тэр үеийн тээврийн жолооч гэдэг гэрийн бараа ховорхон хардаг чухал албатай улс. Зун нь хадлан өвсөнд явна. Намар нь ургацын тээвэрт дайчлагдана. Говь-Алтай мод түлээ муутай болохоор Завханы Тосонцэнгэлээс мод татах гэж нэг сүрхий ажил бий. Тийм болохоор аав амьдралын ихэнх цагаа тээврийн тэрэгний бүхээг, аяны алтан шар замд өнгөрөөж, гэрийн дарга - “төрийн сайд”-ыг ээж нь л хийнэ. Б.Энх-Амгалангийн ээж Молотов аймгийн музейд он удтал тайлбарлагч хийсэн, мөн анагаахын дунд сургуулийн жижүүрээр олон жил ажилласан жирийн нэгэн эмэгтэй. Есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл хэдий ч гэр орноосоо хол байгаа оюутан хүүхдүүдийг ер тээршаахгүй гэртээ байлгаж, олонтойгоо бужигнана. Үйл үртсэнд уран хүн болохоор тэр үеийн орос сэтгүүлүүд дээр гарсан загварыг харж байгаад хүний өөрийн хүүхдүүдэд үйлдвэрийн брэндээс үл ялгарах хувцас оёод өгчихнө. Хүүхдүүдээ ажилсаг, амьдралд арчаатай, хэн нэгэнд өөлүүлээд байхааргүй нэгэн болгохын тулд ээж нь мөн ч ихийг зааж өгсөн гэдэг. Зунд аргал түүлгэж, намарт хөр татуулж, түлээний мод хөрөөдүүлж банзлан хураалгаж, өөрсдөөр нь борц хийлгэж, өөхөн тос шаргаалгаж, боорцог хийлгэнэ. Амбаар барих, хашаа хадах мэтэд өөрөө түрүүлэн босч, хүүхдүүддээ хэрхэн хийдэг арга ухааныг зааж ажлын дөр суулгана. Тэр үеийн тээврийн жолооч нар хүнд хатуу нөхцөлд ажилладаг болохоор ямар нэгэн суурь өвчтэй болж, богино наслах нь түгээмэл байв. Энх-Амгалангийн аав өдгөө 85 насандаа эрүүл саруул, чийрэг тэнхлүүн байгааг ээжийн минь хайр халамжийн хүч хэмээн тэрээр боддог. Хүний хайлан ээжээсээ тэрбээр олонтойгоо бужигнаж явах, хүнд тустай байх, ажилсаг хөдөлмөрч байхын ухааныг өвлөж авсан нэгэн.

Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм хэмээн монголчууд сургадаг. Эцэг хүний нөмөр нөөлөг, холч ухааны шимийг Б.Энх-Амгалан насаараа хүртэж явна. Жолооч ааваа дагаад багаасаа техникт дуртай болсон, багаасаа бүх төрлийн техник жолоодож сурсан тэрээр 16 насандаа аавын үг ямар үнэтэйг яс махандаа шингэтэл ойлгосон гэдэг. Тосонцэнгэлээс чиргүүлтэй тэргэнд мод ачсан аав нь алдарт Загастайн давааны бэлд хүүдээ жолоо шилжүүлээд “Давааны уруу араагаа хөнгөрүүлж болдоггүй юм шүү” гэж захижээ. Цоо шинэ тэрэгний хүч хурданд омогшин замд таарах тэрэгнүүдийг гүйцэж түрүүлэн их л баяр жаргалтай явсан Энх-Амгалан хүү даваа руу уруудахдаа аавынхаа захиасыг мартан араа хөнгөрүүлснээс болоод хурдаа сааж чадахгүй нисгэсээр тэр том давааны бэлд очиж байж нэг юм зогсоов. Энэхүү сохор аз түүнийг зөвхөн аав ч биш, ерөөсөө бусдын үгийг сонсох, хүлээж авах ухаанд сургажээ.

Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход 80 гарсан настай аав нь “За хүү минь, чи Монголын ард түмэнд хүрдэг тэр дуу цацруулагчаар муу үг битгий хэлээрэй. Төрийн хүний билэггүй үг биелдэг гэмтэй” гэсэн ганцхан захиас хэлжээ. Б.Энх-Амгалан энэ сургаалыг үргэлж санаж Их хурлын танхимд үг хэлэхдээ хараал, доромж үг, билэг муутай үг, бүдүүлэг үг хэлэхээс дандаа цэрвэдэг, гэхдээ шудрага үнэнийг хатуухан хэлчихдэг гэж байна билээ.

Ахас ихсийг хүндэлдэг, бусдын үгийг сонсож авах гээхийн ухаанаар ханддаг хүн андуу эндүүг үйлдэх нь ховор. Б.Энх-Амгалан тийм хүмүүсийн нэг. Улстөрч болсон замналаас ч энэ нь тодорхой харагддаг. Түүнийг бизнесийн салбарт ажиллаж байсан 2008 онд Бээжингийн олимп болжээ. “Mongolia” гэсэн бичигтэй цамц өмсчихөөд олимпын тоглолт үзэж явтал НИТХ-ын дарга Т.Билэгт тэргүүтэй хэсэг хүмүүс таараад “Хүүе энд нэг монгол явж байна” гэлцэн танилцаж хамтдаа хоол иджээ. Бизнесийн салбарт ажиллаж байгаа тэрээр төр засгийн бодлого шийдвэрийн талаар юу бодож явдгаа илэн далангүй ярьж, улстөрчид та нар ингэсэнгүй тэгсэнгүй хэмээн нэлээд шүүмжлэв. Ярьж хэлж байгаа нь зөв зүйтэй санагдсан учраас Т.Билэгт орон нутгийн сонгуулийн өмнө түүнийг дуудаж уулзан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхийг санал болгосноор түүний улстөрчийн замнал эхлэв. Нийслэлийн хөгжлийн төлөө уулыг эргүүлж, усыг эрчлүүлэх зориг эрмэлзэл нь бялхсан шинэхэн төлөөлөгч “Тэргүүлэгч гишүүн болж байж л нийслэлийн бодлогод хүчтэй оролцдог гэнэ. Би тэргүүлэгч гишүүн болъё” гэж Т.Билэгт даргад хэлээд анх удаагаа толгойгоо эргэтэл загнуулжээ. Төр төмбөгөр, ёс ёмбогорын учрыг анх тийн ухаарсан Б.Энх-Амгалан 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдож, жинхэнээсээ Тэргүүлэгч гишүүн болж хот гэдэг их айлын зовлон жаргалыг сайтар мэддэг болсон түүхтэй. Ялагдсан үед нь намаа чирэлцэж явсан учраас би улстөрч байхын зовлон жаргал, өөрийнхөө мөн чанарыг илүү сайн мэдэрсэн хэмээн тэрээр ярьдаг билээ.

Б.Энх-Амгалан гэдэг улстөрч хувь хүний хувьд хэн болох, ямар зам мөр туулж өдий зэрэгт хүрснийг өгүүлэх нь зүйд нийцнэ. Түүний намтар уг нь их цэгцтэй. 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академид төрийн даалгавраар сурч байгаад монголын тал сургалтын төлбөрийг валютаар хийх боломжгүй болсон тул эргүүлэн татагдаж МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Төгсөөд Монгол улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт ажиллаж байгаад Бээжингийн гадаад хэлний их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Дараа нь бизнесийн салбарт шилжиж олон улсын тээвэр зуучийн “World Trans”, Монгол-Хятадын хамтарсан “Улаан бутан”, “Таван-Эрдэнэ”, “Мишээл групп” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна.

Орос, хятад хэл мэддэг, орос хятад хүний зан чанарын онцлогийг сайтар мэддэг, хөрш орнуудын хэмжээнд төрийн болоод аж ахуйн нэгж, хүмүүс хоорондын харилцааг зохицуулахад идэвхтэй оролцсоор ирсний хувьд Б.Энх-Амгалан үнэ цэнэтэй улстөрч юм. Хамгийн гол нь тэрээр улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг, эрх ашгийн зөв эрэмбэ баримталдаг эх оронч улстөрч. Эх орноо, Монголоо гэх сэтгэл түүнээс тод мэдрэгддэг. Ямартаа л хамгаас хайрт өвөө эмээ хоёр нь өөрсдөө алт, мөнгөн бэхээ нухаж бэлдэн өөрсдийн гараар “Жадамба” судар хичээнгүйлэн бүтээснээ Далай ламд өргөөрэй хэмээн захихад нь монгол хүний гараар бүтсэн энэ сайхан судар Монголдоо л байг даа хэмээн ачлалт буурлуудынхаа үгнээс нэг удаа зөрж байх билээ дээ.

Тэрээр хэд хэдэн компанид ажиллаж, томоохон бизнест хүч сорьж үзсэн ч өнгө мөнгөний шуналд автаагүй нэгэн гэдгийг би сайн мэднэ. 2016 онд УИХ-д нэр дэвшихээр болоход намынх нь нөхөд түүнийг түрээслэгчээ дээрэмдсэн гэж гүжирдэн эрүүгийн хэрэг үүсгүүлж, Авлигатай тэмцэх газраар шалгуулж хөөрхөн шоглоод авсан. Түүнийг шалгасан АТГ-ын байцаагч “Таныг их удаан шалгалаа. Танд өөрийн нэр дээр болгосон газар алга. Ямар нэгэн тендерийн будлиан алга, ямар ч төсөл авсангүй, улсын зээл алга. Нэг бол та үнэхээр эх оронч хүн. Эсхүл үнэхээр ноцтой хүн” гээд баяр хүргэсэн гэдэг. “Би чинь цэрэгт очоод нэг, Аюулаас хамгаалах байгууллагад ажилтнаар ороод нэг, УИХ-ын гишүүн болоод нэг, нийтдээ гурван удаа Монголынхоо төрд тангараг өргөчихөөд байгаа хүн. Монгол төрийн төлөө чин шударгаар зүтгэх нь миний үүрэг” гэж түүний хэлэхийг хэдэнтээ сонссон. Сэтгэл зүрх нь үүгээр хөглөгдсөн гэдгийг ойлгосон.

“Монгол хүн өөрөөрөө амьдардаггүй. Монгол хүн есөн үеэрээ амьдардаг. Үр хойчсоо надаас ичиж биш, надаар бахархаж амьдруулахын төлөө би хичээдэг” хэмээн тэрээр хамгийн сүүлд уулзахад өгүүлж байсан. Ухаантай хүн учрал тохиол болгоноос сайны үрийг олж хүртдэг юм гэнэлээ. Сайхан буурлууд, сайн аав ээж, зөв сайхан орчинд суурь хүмүүжил олж, амьдралын зарчмаа зөв тодорхойлж, их улстөрд зөв байр суурин дээр байж хол замыг туулна хэмээн дотоод сэтгэлийн тангараг өргөсөн, улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Б.Энх-Амгалан хэмээх улстөрчийн хэн болохыг цөөн үгээр зураглахад ийм буюу.

                                                            МУСГЗ, зохиолч сэтгүүлч Б.Галаарид

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.