С.Дулам: Ооч сахлын учир

Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх

ухааны  доктор, профессор Сэндэнжавын Дулам

Манжийн эзэрхийллийн үед монголчууд тэдэнтэй “бэлгэдлийн дайн” хийсээр ирсэн билээ. Миний бодлоор энэ бэлгэдлийн дайны үр дүн нь Монголын ялалтаар Манжийн мөхөл сүйрлээр өндөрлөсөн юм. Олны хамгаас сайн мэдэх нь монгол тулганы тотгыг Манжийн сүлд хэрээн хошуугаар дүрслэхэд нь айлын эзэгтэй нарын үсний заслыг Хангардийн далавч шиг болгож, хэрээний омгийг дарсан билээ. Тэгвэл Манж гүрэн хүний олноор эзэрхийлэх санаа агуулж, байхад нь монгол мэргэд эр хүний уруул доорх ооч сахлыг “онгон сахал” хэмээн дархалж, хөндөхийг хориглож, гэрийн эзэн монгол эр хүн болгон оочиндоо сахал тавьж, “толгойн үс олон ч тонгоргоор ганц л хусна, оочин сахал цөөхөн ч, онгон хэвээрээ үлдэнэ” хэмээн тарни шившлэг шиг юм болгоод “нуган үрсийн аргамжаа” хэмээн цолложээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүүхдийг аюул осол, өвчин эмгэгээс хамгаалах, амийг нь эрсдүүлэхгүй байлгах бэлгэдэл болгожээ. Тэгээд монгол өвгөд юм бодохлоороо оочин сахлаа имрэн суудаг нь нэг талаас “хүн амын тооллого” шиг юм хийж буй хэрэг. Нөгөө талаас үр хүүхдүүдээ хэрхэн өөд татаж, өрх гэрийн сүлд хийморийг бадраах тухай бодолхийлж буй хэрэг ажгуу. Монголчууд дэлхийг эзлэхдээ хэзээ ч хүний олноор түрээ барьж байгаагүй, “олноос олон гарз, цөөнөөс цөөн гарз” гэдэг зарчимтай байсан болохоор энэхүү чанадын чанд дохио буюу кодоо оочин сахалдаа, өөрөөр хэлбэл, онгон сахалдаа шингээн товчилжээ [кодолжээ].

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.