Лаазны ганц үйлдвэр 200 мянган хүнийг ажлын байртай болгоно

Лаазны ганц үйлдвэр 200 мянган хүнийг ажлын байртай болгоно

Манай улс дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор металл сав, баглаа боодолд зарцуулдаг 20 гаруй сая ам.долларын 60 хувийг эх орондоо үлдээнэ

Зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байна

Дотоодын томоохон компаниуд тэдний үйлдвэрлэсэн лаазыг худалдан авах сонирхолтой болжээ. "Дашваанжил" компани л гэхэд найман сая ширхэг лааз авахаар болсон байна

Монголчууд лааз үйлдвэрлэж эхэллээ гэх сайхан мэдээг сонсоод “Монгол лааз” ХХК-тай холбоо барилаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас лааз үйлдвэрлэж, зах зээлд борлуулж эхэлсэн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав хэлсэн юм. Тэрбээр “Монголчууд консервныхоо лаазыг хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэж худлаа ярьдгаа болимоор” гэж гадаад, дотоодгүй шоолдог байсныг тэр үеийнхэн мэднэ дээ. Одоо бид лаазаа хийдэг болчихлоо” хэмээн бахархалтайгаар хэлэв. Манай улс металл сав, баглаа боодол гаднаас импортлоход жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг аж. Тэгвэл “Монгол лааз” ХХК бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагш урсах валютын урсгалыг багасгах боломж бүрдэж байгаа юм. Үндэсний 1000 брэндийг бүтээж, экспортод гаргах зорилготой “Монгол лааз” ХХК-ийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх боломжтой

Тус компани металл сав, баглаа боодлын үйлдвэрлэх чиглэлээр 2014 онд Дархан-Уул аймагт байгуулагдаж, өнгөрсөн онд үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өдгөө 17 ажилтантай ч коронавирусийн халдвараас болоод ажилчдаа 50 хувийн цалинтай амрааж байгаа аж. Хэвлэх үйлдвэр нь захиалгаа аваад эхэлбэл нэмж ажлын байр бий болгоно хэмээлээ. Тус үйлдвэр олон улсын стандартын шаардлага хангасан, Итали улсын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжтэй аж. Өдөрт 96 мянга, жилд 60 гаруй сая ширхэг 0.2-5 литр хүртэл багтаамжтай 20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх хүчин чадалтай. “Манай улс металл сав, баглаа боодолд жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор 60 хувь нь Монголдоо ашиг болж үлдэнэ. Үлдсэн хувьд нь түүхий эдээ авна гэсэн үг. Тэгэхээр манай үйлдвэр импортыг орлож, валютыг дотооддоо үлдээж, ажлын байр бий болгох давуу талтай” хэмээн Л.Дүйнхэржав хэлсэн юм. Эднийх зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байгаа аж. Тодруулбал, хүнсний, гоо сайхны, гэр ахуйн, барилгын, тос тосолгооны материалын савнаас гадна бэлэг дурсгалын хайрцаг зэрэг ямар л бол ямар төрлийн сав үйлдвэрлэх боломжтой юм байна.

 Дунджаар 200 мянган ажлын байр бий болно

Одоогийн байдлаар “Хүн-од”, “Хатан сүйх импекс”, “Очир дагинас”, “Тайж” групп, “Хаан хүнс импекс” зэрэг 10 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн жижиг компаниуд ч бий. Харин томоохон компаниуд урьдчилан бэлдсэн нөөцөө дуусахаар гэрээ байгуулахаар тохиролцжээ. Тухайлбал, “Дашваанжил” компани найман сая ширхэг лааз авахаар болсон гэнэ. Ахуйн газны сав хийж байгаа ч шалгах төхөөрөмж нь байхгүй учраас зах зээлд нийлүүлж чадахгүй байгаагаа учирлаж байв. Лаазыг дотооддоо үйлдвэрлэх болсноор хувь хүмүүс толгой, шийр, гүзээ, сархинаг зэрэг дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад консервлосон бүтээгдэхүүн болгож экспортлох боломж бүрджээ. Энэ мэтчилэнгээр дотоодын зах зээлийн лаазны хэрэгцээг хангаж эхэлсэн байна. “Монгол лааз” ХХК нь зөвхөн лааз үйлдвэрлэх бөгөөд харин дотор нь хийх бүтээгдэхүүнийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэхийг уриалсан юм. Лаазны үйлдвэрлэлийн нөлөөгөөр дор хаяж 200 мянган ажлын байр бий болно гэж Л.Дүйнхэржав ярилаа. Ямар бүтээгдэхүүн хийнэ, түүний хүчиллэг, шүлтлэгээс хамаараад лаазны дотор талын лак нь өөр байна. Ерөнхийдөө ундаа, жимс, мах гэх мэт 3-4 төрөл байдаг аж. Тус үйлдвэр зориулалтын будгаар лакдаад, гадна талын хэвлэлийг хийнэ. Үйлдвэр нь лабораторитой учир тэндээ лакны чанарт хяналт хийж, лаазны гагнаас, битүүмжлэл, таг, ёроолын норм хэмжээ зэргийг шалгадаг. Манай улсын стандарт хуучирсан учир Хятад болон Оросын стандартыг нэгтгэн шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Оросын стандарт чанартай ч хэмжээ нь хэдхэн төрөл байдаг. Харин Хятадын стандарт Америк, Герман, Японыхтой дүйцэхүйц. Тиймээс Монголын шинэ стандарт гаргахад бэлэн болжээ.

Экспортыг манлайлах өндөр хүчин чадалтай үйлдвэр

“Монгол лааз” ХХК-аас гаднын улсууд лааз авах санал ирж байгаа ч импортын татвар өндөр учир гаргах боломжгүй болоод байгаа гэнэ. Тус үйлдвэр лааз хийхдээ цагаан тугалгаар бүрсэн төмрийг БНХАУ-аас авдаг. Энэ нь хүнсний зориулалттай учир ямар ч хор нөлөө байхгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэллээ.  “Хатуулгийн хувьд БНСУ-ын төмөр БНХАУ-аас илүү сайн гэдэг. Гэхдээ хүнсний зориулалттай лаазанд энэ тийм ч чухал биш. Лакны гарал үүсэл их чухал. Манайх Шанхайгийн химийн үйлдвэрээс будаг, лакаа авдаг. Зориулалтын үйлдвэрээс авч байгаа болохоор гарал үүслийн сертификат гээд бүхий л бичиг баримтыг нь дагалдуулан өгч байгаа” хэмээлээ. Л.Дүйнхэржав нь үйлдвэрийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 18 жил ажиллажээ. Сав, баглаа боодлын үйлдвэрт социализмын үеэс ажиллаж ирсэн туршлага дээрээ үндэслэн үйлдвэрээ байгуулсан байна. 

Тэднийх цаашид будагны, бэлэг дурсгалын, шар айраг болон ундааны лаазыг шат дараатай хийхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна. Хэдийгээр дотоодын хэрэгцээ 10 сая ширхэг хүрэхгүй ч экспортод гаргах алсын зорилготой учир өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулсан байна. Гаалийн татвар төлөхгүй учир дотоодын үйлдвэрүүд эх орондоо үйлдвэрлэсэн лаазыг сонгох дуртай байгаа аж. Хүн бүр минимализм хэв маяг руу шилжиж, шилэн савыг сонгож байгаа ч лаазанд савласан бүтээгдэхүүн тээвэрлэлт даах чадвартай, хадгалалт сайн учир хэрэглээ буурахгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэлсэн юм. Шилэнд хийсэн зүйлийн хадгалалтын хугацаа зургаан сар байдаг бол лаазанд хийвэл 2-5 жил хадгалж болдог давуу талтай гэнэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн уриатай тус үйлдвэрийн зорилго нь эхнээсээ биеллээ олсон нь энэ. Импортоор их хэмжээгээр худалдан авдаг лаазалсан бүтээгдэхүүнийг Монголдоо хийх боломж байсан ч татвараас нь халширсан жижиг, дунд бизнес эрхлэгчид хүлээн, харзнаж байсан цаг саяхан. Тэгвэл одоо хүнсний ногоо тарьдаг хүмүүс амархан мууддаг улаан лоолио лаазалсан бүтээгдэхүүн болгох боломж ийн бүрдээд байна. Мөн хаягдал, дайвар бүтээгдэхүүнийг “алт” болгох боломжийг алдалгүй атгаад авахыг “Монгол лааз”-ынхан зөвлөж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сүрэн
    Монголчууд 1970 оноос Мах консервийн үйлдвэрт лааз хийж байсан юм шүү
    2020 оны 05 сарын 20 | Хариулах