"Жи тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна

"Жи тайм" сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийг шүүх хянаж байна.

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан аж. 

Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа юм.

Тус хэргийн талаарх мэдээлэл болон хохирогчийн нэрсийг http://www.bkhs-criminalcourt.gov.mn/ сайт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн фэйсбүүк хуудсаар тухай бүр мэдээлнэ. 

Эргэн сануулахад, “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой уг хэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхэлсэн.

Ингэхдээ Монгол Улсын 11,398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25,801,303,770 төгрөгийн хохирол учруулж байв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

 

 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.