УИХ-ын гишүүдээс хэн хэн энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй вэ?

Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж буй энэ цаг үед МАН-ын удирдлагууд одоогийн парламентын гишүүдээс 20 гаруй хүнийг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан гэх мэдээлэл яригдаж байна. 

Уг мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Одоогийн УИХ-ын гишүүдээс 20 гаруй гишүүнийг дэвшүүлэхгүй байх асуудлаар намын удирдлагууд өөрсөдтэй нь уулзсан гэдэг мэдээлэл байгаа. Өнөөдөр л тодорхой болно” хэмээсэн юм. 

Тэгвэл МАН-ын Бага хуралд оролцож буй зарим УИХ-ын гишүүн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд нар хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ залууст боломж олгох үүднээс сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн Ц.Гарамжав гишүүн яриандаа Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар нэрээ татсан гэдгийг хэлсэн юм. 

Албан бус мэдээллээр дээрх таван гишүүнээс гадна М.Энхболд, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва нарыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгджээ. Д.Ганболд гишүүнийг нэр дэвшүүлэхгүйгээс гадна Бага хурлын гишүүнээс хасаж байгааг өнөөдөр мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрөө нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн бол О.Содбилэг гишүүн дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан улс төрөөс завсарлага авах болсноо мэдэгджээ. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх удаа дараагийн мэдэгдэлдээ дурдсанчлан ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг үгэндээ хүрэх юм бол өдгөө хууль хяналтын байгууллагад хэрэг нь шилжээд буй УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нар ч нэр дэвших боломжгүй болох юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.