Б.Тулга: МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бөгөөд түүний нэр дэвших нь Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчөөгүй гэдгийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэллээ.

Тэрбээр “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга бол албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд 2020 оны парламентын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрийг тавдугаар сарын 16-ны дотор буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Энэ дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хурлуудаа хийсээр байна.

 

Нэр дэвшүүлэх хүмүүстээ боловсрол мэдлэг, орон нутагтаа танигдсан байдал зэрэг шалгуурыг тавьж байна

2020 оны УИХ-ын сонгуульд МАХН, МУНН, ИЗНН хамтран “Та бидний эвсэл” болон орохоор болсон. Тус эсвлийнхэн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулахаар хуралдаж байна.

Нэр дэвшүүлэх ажиллагаа ямар шатандаа яваа талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Эвслээс нэр дэвшүүлэх ажиллагаа нам дотроо асуудал шийдэхээс дахин нэг өрсөлдөөнөөр илүү. Тэр утгаараа гурван намын удирдах төв байгууллагууд хуралдаж, хүмүүсээ ярьж байна. Нэг тойрогт хэд хэдэн хүн нэрээ өгсөн асуудал гарч байгаа учраас гүйцэтгэх товчооны хурлаа нухацтай хийж байна. Гүйцэтгэх товчооны хурлаас гарсан нэр дэвшигчдийг бага чуулганаар оруулж, санал хураалт явуулна. Нэр дэвшүүлэх хүмүүстээ боловсрол мэдлэг, орон нутагтаа танигдсан байдал зэрэг шалгуурыг тавьж байна. Улс төрийн намын төлөөллөөс гадна ТББ-ын төлөөллүүд нэрээ дэвшүүлж, зорилт зорилгоо хэрэгжүүлнэ” гэлээ.

Тус эвслээс нам тусбүрээс нэр дэвших квотыг тогтоохдоо,

  • МАХН 56
  • ИЗНН 15
  • МУНН 5 байна гэж гэрээндээ тусгасан байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.