МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ Ж.ЧИНБҮРЭН: 70/30-ИЙГ ХАМТДАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ!

Монгол Улсын гавьяат эмч,  Францын мэс заслын академийн хүндэт гишүүн

Анагаах ухааны доктор Ph.D  Жигжидсүрэнгийн Чинбүрэн

“Элэг нэгт Монголчууд” сангийнхан болон Хавдар судлалын хамт олон бид олон жил зүтгэж зорьж ирсэн хавдрын эмнэлгийнхээ суурийг хатгах газрын зөвшөөрлөө аваад бөөн баяр байна. Гэхдээ ажил урагшлах тусам илүү ихэд яарч, илүү адгаж байна. Хавдрын өмнө хүчин мөхөстөж байгаа монгол түмнээ харахаар эрхгүй яарч, сандарч адгаж, амжиж хийхээс аргагүй болдог.

Хөлөө мэдээгүй болтол, гараа сарвайтал хагалгаа хийлээ гээд би хэдэн хүний амь аварч чадах вэ.
Өдөрт хоёр хүний амь аварч байхад 16 хүн хорт хавдраа хожуу үедээ орсныг дуулж, 12 хүн хорвоогоос хагацал харамсал дагуулсаар буцдаг. Бид багаараа хэчнээн тэмцээд, хэчнээн зүтгээд үнэндээ хүч мөхөстдөг. Жаахан эрт хүрээд ирэхгүй яав даа гэж зүрх алдан хэлэх ямар хэцүү байдаг гээч. Горьдлого тээсэн үр хүүхдийнх нь харц, итгэл тээсээр байх хүний сэтгэлийн халууныг мэдрэх дэндүү хатуу. Монголд хорт хавдрын тохиолдлын 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Жаахан, жаахан л өмнө оношлуулсан бол, жаахан жаахан л өмнө хүрээд ирчихсэн бол гэж хаана хаанаа харамсахаас өөрийг бид юу хийж чадах вэ.

2019 оны байдлаар хорт хавдрын улмаас 4801 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 6381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын 77,1 хувь нь хожуу үедээ оношлогдсон байгаа юм. Үнэхээр хождоод ирсэн хавдрыг дарах гэж яаж ч хичээсэн болдоггүй юм болдоггүй. Эрт үедээ оношлогдсон хавдрын хагалгааны маргааш өвчтөн маань юу ч болоогүй мэт эмнэлгээс гардаг гээд бод доо. Тэгэхээр яах аргагүй эрт үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, хавдрын эрсдлийг эрт тооцоолж хожимдсон харууслаас сэргийлэх чухал байна. Ядаж 70 хувь нь хожуу оношлуулж, 30 хувь нь эрт мэддэг энэ үзүүлэлтийг 70/30 биш 30/70 болгох хэрэгтэй байна. Энэ ажлыг зорьж, бодлого гаргаж хийхгүй бол бид хавдартаа дарлуулсаар, дэлхийд хавдрын үзүүлэлтүүдээрээ толгой цохисоор цөөхөн хэдэн монголчууд маань цөөрсөөр байх нь. Хайртай хэн нэгнээ хавдраар алдаагүй гэр бүл, хавдрын хатуутай нүүр тулаагүй монгол хүн гэж байхгүй боллоо. Элэг бүтэн амьдралаа эвдлэлгүй авч үлдэхийн төлөө бид хамтдаа хичээх хэрэгтэй. Эрт илрүүлэлт, эртийн оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, зөв төлөвлөлт, бодлого элгэн халуун монголчуудыг маань элэг бүтэн амьдруулахын эхлэл шүү. Хамтдаа 70/30-ийг өөрчилцгөөе.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.