Үндэсний агаарын тээврийн компаниудын орлого I-IV сард жилийн өмнөхөөс 52.4 хувиар буурчээ

Оны эхний дөрвөн сард үндэсний агаарын тээврийн компаниудын орлого өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар буурсныг гаалийн статистикаас харж болохоор байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 240 мянга орчим хүн агаарын тээврээр зорчсон нь жилийн өмнөхөөс 40.1 хувиар цөөрсөн үзүүлэлт болж байгаа юм.

Харин ачаа тээврийн хувьд 16.7 хувиар буурчээ. Ялангуяа олон улсын ачаа тээвэр 36.5 хувиар багассан байна. Агаарын тээврийн компаниудын нөхцөл байдлыг харвал “Хүннү-Эйр” ХХК хуваарьт нислэг нь жилийн өмнөхөөс 70 хувиар цөөрсөн гэж мэдээллээ. Үүний 40 орчим хувийг олон улсын нислэг, 30 орчим хувь нь орон нутгийн нислэг байгаа юм. Түүнчлэн цар тахлын улмаас “Хүннү-Эйр” ХХК-ийн 2020 оны төлөвлөгөө нэг жил орчим хойшилж байгааг тус компани онцолсон юм.

“Аэромонголиа” ХХК-ийн хувьд мөн адил орон нутгийн нислэг үйлдэж байгаа ч давтамж нь буурч байгаа гэж мэдээллээ. Мөн хуваарьт нислэгүүдийн тоо төлөвлөснөөс 40-50 хувиар доогуур байгаа юм байна. Хэдий тийм боловч тус компани ажлын байраа цомхотгоогүй, ажилтнуудынхаа цагийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар зардлаа танажээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn Б.Төгсбилиг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.