Коронавирусээр өвчилсөн 3 хүн бүрэн эдгэрч, гэртээ гарчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ өглөө. Өнөөдрийн /2020.05.08/ байдлаар улсын хэмжээнд  987  иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байрнаас 72 иргэн  гарчээ. Орон нутгийн гал тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгээс 11 эмч мэргэжилтэн  3800 гаруй хүнд тандалт судалгаа хийжээ .

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт  313 дуудлага иржээ. Гадаадаас Шведээс зургаа, АНУ-аас хоёр иргэн хандаж, зөвлөгөө авчээ. АНУ амьдарч байгаа монгол  иргэн коронавирусээр өвчилжээ. Мөн иргэдээс  гудамж талбайд хэрэглэсэн амны хаалтыг хаяж байна гэх гомдол ирүүлжээ. Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаях нь халдвар тархах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор хийсэн долоон сорьцын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймагт тусгаарлагдсан иргэнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. Шинж тэмдэг нь маш тод илэрсэн. Толгой өвдөж, хоолонд дургүй болж нус гоожсон. Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА  А.АМБАСЭЛМАА

-Коронавирусийн халдвараар эдгэрч гарсан хүмүүсийг эмнэлгээс гарсны дараа хоёр удаа шинжилгээ авч байна. Гэрт гарсан дөрвөн хүнээс хоёр удаагийн давтан шинжилгээгээр гурав нь бүрэн эрүүлжсэн. Харин нэг хүн тусгаарлагдах 14 хоногийн хугацаа нь дуусаагүй байна. Бусад нь Энхсаран сувилалд 14 хоног тусгаарлагдаж байна.

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

-Дэлхийн эрдэмтэн судлаачид улс орнуудыг коронавирусийн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэхийг анхааруулж байна. БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан иргэдийн үрийн шингэнээс вирус илэрчээ. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг ажиглахад хоёр, гурав дахь давтан шинжилгээний дараа халдвар нь илэрч байна. Тиймээс тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон нь манай орны нөхцөл байдалд их тохирч байна. Одоогийн байдлаар гадаадын улс орнуудад амьдарч буй 20 гаруй иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнээс нь 15 нь эдгэрч, таван хүн гэрийн тусгаарлалтад байна. Эрүүл мэндийн байгууллагаас эмч мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

ЭМЯ-НЫ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ОЮУНСҮРЭН:

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар судалгааны тэргүүлэх долоон чиглэлийг тодорхойллоо. Тухайлбал, хүн амын давхарга, эмзэг бүлгийнхэн дунд халдвар тархах эрсдэлийг судлах, улирлын коронавирусийн эмнэлзүйн оновчтой эмчлэх аргыг тодорхойлох, гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтдад коронавирусийг илрүүлэх зэргийг тодорхойлжээ. Судалгааны ажлыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан есөн баг хариуцан ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.