Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9, Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж Элчин сайдаар Т.Бадралыг, БНСУ-д суух Элчин сайдаар Н.Эрдэнэтуяаг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Элчин сайд нарыг томилохыг дэмжиж байна. Т.Бадрал генералыг БНХАУ-д Элчин сайдаар томилох нь Монгол төрийн хийж буй зөв зүйтэй шийдвэр болно. БНСУ-д томилохоор дэмжигдээд буй Н.Эрдэнэтуяа бол чадварлаг мэргэжилтэн. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бидний нэг алдаа, дутагдал байна аа. Намар, хаврын чуулган дуусах үед л баахан томилгоо оруулж ирэх юм. Гишүүд дуртай ч гэж жигтэйхэн. Хэдэн албан тушаалтныг чуулган завсарлахаас өмнө оруулж ирдэг. Гарцаагүй чухал хууль хэлэлцэх ёстой байтал баахан томилгоо яриад дуусдаг. Албан тушаалтан томилох болохоор бүгд шавчихдаг. Хужирсан мал шиг. Хууль батлах болохоор алга болчихдог. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Дараагийн Элчин сайд нарыг томилох асуудлын тухайд олон улсын нөхцөл байдал шинэ коронавирусын халдвартай холбоотой амаргүй байна. Б.Ганхуягийг БНСУ-д суух Элчин сайдаас эгүүлэн татаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдлаас хамаараад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяг томилох нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр нэр яригдаж буй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчид. Ямар нэг улс төрийн санал санаачилгаар ороогүй гэдгийг дахин хэлье. 

Энэ хоёр хүн нам бус, төрийн жинхэнэ албан хаагчид юм. 

БНСУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Ганболдыг эгүүлэн татаж, өөр ажилд томилоод жил гаруй болж байна. Бараг хамгийн удаан хугацаанд түр хамаарагчтай байсан улс болж байна. Тиймээс тус улсад түр хамаарагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяаг томилох нь зүйтэй гэж үзсэн. 

Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргаснаар Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санад хураалтаар Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.9 хувийн саналаар дэмжсэн бол Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 97.5 хувийн саналаар дэмжлээ. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.