Засгийн газраас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас  дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  • 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, 10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтав.
  • Засгийн газрын гишүүд өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын 6 бүлэг, 12 дэд бүлэгтэй тайлантай танилцав. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал, 2016-2020 оны зарцуулалт, ирэх жилүүдэд сангийн эх үүсвэрийн төсөөлөл зэргийг тусгажээ. Тус тайланг төсвийн тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлж танилцуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
  • Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав. Тогтоол ёсоор автозамын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт,нормын дагуу нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгөхийг зам, зам байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгожээ.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МАН (202.70.34.114)
    БИД ЧАДЛАА, НООЛУУРААР ТОГЛОЛОО, МАХНЫ ҮНЭ 20000, ДОЙЛУУР 2900...
    2020 оны 06 сарын 06 | Хариулах