Д.Лүндээжанцан:Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэг үг бий.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль Зүйн Шинжлэх ухааны Доктор, Профессор, Парламентад 26 жил ажилласан рекорд эзэмшигч, Үндсэн хуулийн эхийг баригч  Данзангийн Лүндээжанцан

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах Улсын Их Хурал – хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага болох нөхцөлийг хангахад чиглэсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 7 бүлэг, 50 зүйл бүхий МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт хэлэлцэнэ.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэг үг бий. Төр цэгцтэй, дэгтэй, хариуцлагатай байвал ард иргэдийн амьдрал дэвжих, улс орон хөгжих үндэс тавигдана.

Иргэдийн сонголтоор гарч ирсэн ард түмний төлөөллийн дээд байгууллага ямар байхаас нийгмийн амьдралыг зохицуулах хууль, шийдвэрүүд бодит хөрсөндөө бууж, нийт улсын ашиг сонирхлыг хангаж чадах эсэх шууд шалтгаална.

Энэ ч үүднээс УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгалаа. Онцолбол,

1. Нэн тэргүүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн 3 сарын хугацаанд хамгийн ихээр ирсэн саналуудын нэг нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүрэг хариуцлагын талаар байсан юм. Иймд Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулан УИХ-ын тухай хуулийн төсөлд гишүүний тангаргийг өөрчлөн найруулж, гишүүнийг эгүүлэн татах, үүрэг хариуцлагыг улам чангарууллаа. Тодруулбал, хуулийн төсөлд гишүүний тангаргийг, “Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж өөрчлөн тусгалаа.

2. Төрийн эрх барих дээд байгууллагад гишүүнээр ажиллалаа гээд хэмжээгүй эрх дархтай байна гэсэн үг биш. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний зарим эрхийг хязгаарлаж, засаглалын зарчмаа тэнцвэржүүлэхийг хичээлээ. Засгийн газрын бүрэлдэхүүний 4 нь УИХ-ын гишүүн байж болно. Өмнө нь гүйцэтгэх засаглалын томилгоонд хутгалддаг байсан зөрчлийг арилгаж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний томилгоонд оролцохгүй, зөвхөн Ерөнхий сайдад томилгооны эрх мэдлийг үлдээлээ. Мөн гишүүн улсын төсөв, санхүүтэй холбоотой аливаа хуулийн төслийг санаачилдаг байдлыг хориглож, хязгаарлалаа. Ингэснээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг бүрэн утгаар нь салгаж, өөр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх зөв зарчимдаа орно.

3. УИХ-ын гол ажил нь хууль батлах. Өмнөх хуулийн хүрээнд УИХ-аар хуулийг эцэслэн батлахдаа тухайн хуралдаанд оролцсон гишүүний олонхын саналаар шийддэг байсан. Энэ нь хэт цөөн гишүүн хууль баталдаг гэсэн шүүмжлэлийг дагуулдаг байсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аливаа хуулийн төслийг Үндсэн хууль, хуульд өөрөөр заагаагүй бол УЛСЫН ИХ ХУРЛЫН НИЙТ ГИШҮҮНИЙ олонхын саналаар хуулийг ЭЦЭСЛЭН БАТАЛДАГ байх зохицуулалтыг орууллаа. Ингэснээр УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоолуудыг хамгийн багадаа 39 гишүүний саналаар эцэслэн баталдаг болно гэсэн үг юм.

4. УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгож нэмэгдүүлнэ. Намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэхээр тусгасан.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.