ЭР ХҮН

                                                          ЭР ХҮН

Эх орны урд хилийн манаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын шүтээн Зотол хайрханы ар хормойгоор бэлчих адуун дунд зоргоор амьдарч золбоо хийморио сэргээж явах эрийг Сумъяагийн Амартайван гэх бөлгөө. Түүийг хараад “Энэ хүнийг Эрдэнэ гэх бөгөөд Луу гүний баян Итгэлтийн зарц байсан” гэх маягтай хэлдэг “Тунгалаг тамир” киноны зураглал санаанд орж болох. Бидэн хоёр холхон зөрвөл хоёр гарын дохиотой, ойрхон дөхвөл хоёр алгын хавсаргаатай байхаас бус Тансаг зоогийн газар хоёулхнаа тавтай тухалж тал шил архи хувааж байгаагүй, таананы үнэр сэнгэнэсэн талын танан цагаан өргөөнд хамт хонож үзээгүй билээ..Нэгэн удаа урд хилийг давж Улиастай балгасыг эргэхэд хамт явсан удаатай байх. Буцахдаа Эрдэнэцагаан суманд ирээд гэр хорооллын нэгэн айлд түр буун бүсгүй дүүдээ “Бууз жигнээрэй” гэсэн бурхан ахын тушаал буулгаад бага зэрэг ядарлаа хэмээн бүх хувцсаа тайлаад хойморын орон дээр хэсэг дуг хийж байсан дүрийг бас сананам.
Намайг аймгийн Боловсрол соёлын газрын дарга байхад хэдэн жил миний дарга буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга байж билээ. Манай хүн Нутгийн удирдлагын саарал ордны хоёр давхрын баруун урд булангийн наран талдаа цонхтой өрөөнд налайж суухгүй гараад гангарна, сураггүй сугарна. Санамсаргүй таарвал “Сэнгээ дарга ажил дажгүй юу, би саяхан тийм газраар явж, ийм ажил бүтээлээ” гэнэ. Хүрэн ширээний ард хөдлөхгүй суучихаад хөтөлбөрийн биелэлт гаргаж ир, хийсэн ажлаа бичээд авчир, ийм бичиг тоот хэрэгтэй, тийм цаас яаралтай хэмээн шаардахгүй амар байсан надад, үнэндээ. Базаахгүй байж бичиг баримт нэхдэг, шалихгүй байж шийдвэр тушаал шаарддаг дарга байдаг. Тэднийг бодвол ТАЙВАН АМАР дарга байсан. Нэгэн тохиолдлыг би сананам. Төрийн ажлаар явсан томилолт дээрээ гарын үсэг зүруулах санаатай орсон, гардаг үзэг бал байдаггүй, надад ч байгаагүй, өөр өрөөнөөс авчирч ажлаа бүтээж асан. Тэр үед би дарга байж мөр гаргах юмгүй гэж гайхаагүй, үг хэлхдэг яруу найрагч үзгэн зэвсэггүй байдгаа гэж бодсон. Ном судраас харж байхад нэрт найрагчдын онгод гэнэт орохоор тааралдсан, харагдсан цаасан дээр, цаас байхгүй бол шүдэнзийн хайрдаг, чихрийн цаасан дээр тэмдэглэж авсан гэх түүх бичсэн байдаг. Би ямар харж байсан биш, хамт явж байсан биш, тэгж бичсэн байдаг, тэрийг санаад, тиймэрхүү зүйл бодогдоод ялимгүй гайхсан, тэгээд ухаанд үлджээ. Одоо бол гар утас хэмээх гайхалтай техник буй болсон, бал үзэг бараг хэрэгцээнээс гарч байгаа байх.
Мөн Улаанбаатарт Удирдлагын академид сурч байхдаа болов уу даа, утас цохиж байна. “Хамаарах нэг багш маань хариуцсан ангийн сурагчдынхаа бүх гэрчилгээг хөх өнгийн бэхээр бичиж хөглөөд байна.” гэхээр би “Аймагт арга байхгүй. Яамны төдөн давхрын, тийм өрөөний, тэр гэдэг хүүхэн дээр даруйхан очоод гуй. Давхар би хэлж өгье” хэмээлээ. Нэг гэрчилгээ буруу бичвэл үнийг гурав нугалж төлдөг байсан үе, бас мөнгө, арай хямд авсан байх. Нааштай шийдэгдэж, нам жим болсон гэсэн. Тэр нэгэн жил бүрэлдэхүүнд мань мэт багтсан аймгийн наадмын Соёл урлагийн комиссын даргаар С.Амартайван томилогдон ажиллаж билээ. Унаган нутгийн наадам маань улсын наадамтай яг давхацсан өдөр хурдан морины уралдааныг шууд дамжуулж байсан TV-5 телевизийн тайлбарлагч хүний хоолой танил санагдаад байхаар нягталбал манай хүн Улаанбаатар нийслэлд оччихсон улаан хул хантааз өмсчихсөн тууж явдаг байгаа. Хөдөө нутагтаа үлдсэн бидэн хэд Хөгжимт жүжгийн театрынхаа хэдэн авьяастны хүчинд нутгийн наадмын нээлтээ нааштай хийж, нисэж одсон даргынхаа ар талыг дажгүй даасан удаатай. Манай Амраа дарга Нийгмийн бодлогын хэлтсийн дарга байхдаа аймгуудын албан тушаал адил нөхдийхөө ахлагч байж Нүхтийн амралт дээр болсон хамтарсан сургалтын дараах нийтийн хөгжөөнт агшинд тод магнай, торгон жолоо болж буйг би хараад нэг нутгийн хүний, нэг аймгийн хоёрын хувьд сэтгэл хангалуун, санаа өөдрөг байж билээ. Тэр Эрдэнэцагаан сумын баруун талаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Увсын яхир Ц.Нямдорж шиг, уугуул нутгийн ухардаггүй Ч.Улаан шиг олон жил онцгойрч сонгогдож байсан ч өнгөрсөн сонгуулиар нэг удаа өеөдөж орхисон тал бий. Гэхдээ их савны ёроол хоосонгүй гэсэндээ сумын хуралд сугараад гарсан гэсэн.
Сумъяагийн Амартайваныхаа сайныг бус саарыг ярьж, магтаж байгаад матаж байна уу, би чинь. Одоо сайн талыг сайхан магтана. Түүнийг хүн муу хэлж байхыг дуулаагүй, хүнтэй муудаж байхыг хараагүй. Хойт хөршийн Орос улсад мөнх хөх тэнгэрт дүүлэх мөнгөн хөлгийн мэргэжил эзэмшсэн тэрвээр
“Морь, бөх, найраг гуравтаа би хайртай явна
Модоо барина уу, алтаар гоёно уу, тэр юуны хамаа
Зовлон нь жаргал болж амьдрах хорвоо бас байдаг шүү дээ
Зоргоороо би дуулж яваад, туйлж яваад дуусна даа.”
хэмээн хөдөө нутаг уруугаа хөлгийн жолоо залсан гэдэг Суманд ирээд багийн даргын алба хашиж байснаа, сэтгүүлчийн мэргэжил шинээр эзэмшээд “Шинэ Сүхбаатар” сонинг үүсэн байгуулж үзснээ, төрийн удирдлагын академийг дүүргэн Тамгын газрын хаалга татаж хэсэг сууснаа, төрөлх сумандаа Засаг даргаар тодроод явсан удаатай.


Ямагт янзаараа байх найрагчийн авъяасыг ярих чадвар дутаад байна, яахав хэр хэмжээгээрээ хэдэн үг хэлхэе. Түүний “Наран мандах нутаг” дуу манай аймгийн төдийгүй монгол түмний нийтийн дуу болсон. Арваад жилийн өмнө миний бие алба хашиж байхдаа албан ёсны сүлд дуутай болвол зүгээр гээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дээрх дууг дагалдах гурван дууны хамт нэр заан албан бичгээр айлтгасан, аян замдаа замхарсан. Адуучин аавынхаа дурсгалд босгосон найрган хөшөөний нэг “Олонтой явсан аав минь” дуу, монголын оны шилдэг дуу шалгаруулдаг “Морин хуур-2004” наадамд түрүүлж байсныг сананам.
“Ануухан ануухан буурлуудын нутаг
Аядамхан ялдамхан бэрүүдийн нутаг
Ариухан гоо охидын нутаг
Ай миний Эрдэнэцагаан.”
хэмээн өссөн төрсөн нутаг усныхаа өнгө зүсийг магтан дуулсан мөрүүдээс өчнөөн олныг хэлж болно. Бүсгүйчүүдийн тухай бүр сайхан мөрүүд хайлсан байдаг.
“Нэхэн нэхэн санахад нэг л дотно бодогдоод
Нэрийг нь мэдэхгүй жаргалыг надад чи минь хайрладаг . . .
Нартай бороонд надтай хамт норчихоод
Нарийн жимээр салахдаа хацраа өгч үнсүүлдэг
Ааш ялдамхан сайхан бүсгүй байдаг аа”
. хэмээн аядуу дуугаар уншснаа
“Бүсгүй юм чи дарс юм
Чи ув улаан дарс юм
Ууж ханахгүй дарс юм
Чи бол дарс юм
Чи хоргонд нуусан хорз юм
Хорин жил иссэн дарс юм”.
гэж ааг омог дүүрэн дуугарсан байдаг.


Түүний яруу найрагт морины тухай, хурдан хүлгийн тухай сэдэв хамгийн том зай эзэлнэ. Ононгийн хээр, Монгол хээр, Орлой хонгор, Дүүгүүр саарал, Бүлтэн халтар, Егүзэр хээр, Даатгал хээр, Даншиг хүрэн, Нийгэм хонгор, Улс халзан, Магнай халиун, Бидэрт халиун, Салхин зээрд зэрэг уудам талдаа тэнцсэн удамт хурдан хүлгүүдээ, унаган эзнээ дуудуулсан улсын наадмын түрүү жанжны нутгийн аргамгуудаа олонтаа магтан дуулсан нэгэн. Шувуухай зээрд, Шийтэрийн зээрд, Бүжин бор зэрэг хол газрын адууг, хүний нутгийн хүлгийг ялгалгүй, явдал давхиаг яг дууриан дуулсан яруу найрагч билээ.
Тэрвээр
“Одот тэнгэрийн доор
Унага болон тэнцэж
Омогт хасаг эрийн
Унаа болон тэмцсэн”
гэж эхэлдэг “Оспаны цагаан морь” шүлгээ туурвиад өнгөрсөн намар Казазстан улсад болсон том баяр наадамд урилгаар оролцсон зураг хөрөг цахимаар явж байсан.
Адуучин аавынхаа үлдээсэн буянт сүргээс анд найз нөхдөдөө бэлэглэсэн, өгсөн удаа олон. Завхан аймгийн тод манлай уяач БЭнхболдод очсон Дүүгүүр саарал морь төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн ганц жишээг дурдахад хангалттай буй заа.
С.Амартайван олонтой явсан аав шигээ олонтой яваа эр хүн билээ. Тэрвээр Д.Нямсүрэн, О.Дашбалбар зэрэг нутгийн найрагч ах нараа үгүйлэн
“Адислан дээдэлж шүлгээ зориулсан
Алтан овоо, Дарьгангын цэнхэр уулс үлдлээ
Айдас хүйдсийн манан дунд
Айсан нүд шиг монгол чинь үлдлээ”
хэмээн бичиж байв.
Сургуулийхаа 90 жилийн ойд зориулан “Эрдэнэцагааны сургууль минь“ дууны үг бичиж хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангаар ая хийлгэн монгол улсын Гавьяат жүжигчин С.Ганзоригийг залж авчран сургуулийнхаа баярын концерт дээр дуулуулж байсан түүхийг уул баярт урилгаар очсон би тод сананам. Тэр дуунд
“Дорнын талаасаа шижиртэн гийсэн
Домогт хутагтын номын гэгээтэй
Дөрвөн хүчтэн мэт уулсын дундаасаа
Дөрөөнд минь өргөсөн миний сургуулиа” г
эсэн сайхан үгнүүд бий
С.Амартайван найрагч энэ онд “Морьтны тэнгэр” номоо крилл, монгол бичгээр хэвлүүлэн нутгийнхандаа тарааж, нугынхандаа уншуулж явна.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч энэ эрхэм
“Ардын дуу шиг шүлэг бичихсэн би
Алтан талын минь өвс сэрвэс сэрвэс өндөлзмөөр
Адуунд явсан хүн
Амандаа өдөржин аялмаар
Айлын маань бүсгүй
Гаран орон сонсмоор
Ардын дуу шиг шүлэг бичихсэн би”
хэмээн мөрөөдөн Харгилтайн голоос ундаалан хөхрөх талдаа сүрэг сүргээр бэлчих адуугаа эргэж, сайхан шүлэг олныг туурвин, сайн нөхдийн урилгад дарагдан, саруул талдаа дуулж, туйлж явна. Тэр бол өвгөн миний бодлоор өнөөдрийн жинхэнэ эр хүн билээ. Тэрвээр миний дотны найз биш, гэхдээ гадны нөхөр биш, эр хүний хувьд, эрхэм найрагчийн хувьд гүнээ хүндэлнэм.

Эх орны урд хилийн манаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын шүтээн Зотол хайрханы ар хормойгоор бэлчих адуун дунд зоргоор амьдарч золбоо хийморио сэргээж явах эрийг Сумъяагийн Амартайван гэх бөлгөө.

/2019-12-19. 05.40 цагт/

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.